Монголын сагсан бөмбөгийн тамирчдаас БНХАУ-ын мэргэжлийн дээд лигт данстай болсон анхны эмэгтэй тамирчин бол О.Хулан билээ. Монгол улсын шигшээ болон “Улаанбаатар Амазонс” багийн тоглогч О.Хулан өнгөрөгч оны аравдугаар сард “Ухань Шенфан” багтай гэрээ хийж, урд хөршийн дээд лигийн тоглолтод оролцсон. Түүний хувьд энэ сард шигшээ багтаа нэгдэн хариуцлагатай тоглолтод бэлдэж байна.
Энэ долоо хоногт Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй багийг чухал хоёр тоглолт хүлээж буй. Ази тивийн аварга шалгаруулах “В” хэсэгт зүүн бүсийн урьдчилсан шатны хариуцлагатай тэмцээн ирэх Баасан гаригт Монголд болох гэж байна. Хонгконг, Тайвань болон Монголын сагсан бөмбөгийн багуудын тоглолтууд энэ сарын 11-13-ны өдрүүдэд “М Банк Арена”-д болох юм. Манай шигшээ талбайдаа хоёр хожил авч чадвал шигшээ тоглолтод тоглох эрхтэй болох юм. Тиймээс Үндэсний дээд лигийн тоглолтын хажуугаар эмэгтэй багийн тоглолт анхаарал татаж байна. О.Хулан зэрэг шилдэг тамирчдаар бүрдсэн Монголын шигшээ багийн бэлтгэл бүрэн хангагджээ.
Тоглолт дөрөвдүгээр сарын 11-ий 19:00 цагаас Тайвань, Хонконгийн багийн тоглолтоор эхэлнэ. Харин дөрөвдүгээр сарын 12, 13-ны өдрийн 15:00 цагаас манай баг зочин багуудтай тоглоно.
Монголд болох сагсан бөмбөгийн эмэгтэй Ази тивийн аварга шалгаруулах “В” дивизоны зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээний хуваарийг хүргэж байна.
- 04/11 - 19:00 Тайвань ба Хонконг
- 04/12 - 15:00 Хонконг ба Монгол
- 04/13 - 15:00 Монгол ба Тайвань