УИХ-ын гишүүн Б.Ганбат "Бид тойрогтоо хоёр удаа очиж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг танилцуулсан. Гэвч иргэд сонсох хүсэлгүй байна. Эрх баригчдын хулгай, авлига гаарсан. Гурван хүн тутмын хоёр нь ядуурсан. Хүнсний талон тараахын оронд ард түмнээ соён гэгээрүүлээч ээ. Хулгайтай тэмцэж буй мэт дүр үзүүлж байна. Хуулийг дээдлэхгүй байна. Намын жагсаалтыг УИХ-ын сонгуульд яаж ашиглах вэ? Намын жагсаалтаар баахан годгоносон охид залуучууд гарч ирэх вий? Нам бүлэглэлүүдийн хулгай хийдэг газар болсон шүү дээ. 48 хүнийг жагсаалтаар сонгох юм байна. Энэ тоо яаж гарч ирсэн бэ? Тооцоо, судалгаа байна уу?
Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг тайлбарлаж өгнө үү. Олон нийтэд сайн тайлбарлаад өгвөл дэмжинэ.
Төр эдийн засгийн 50 хувийг эзэлж, хувийн хэвшилд ажиллах оорон зай үлдсэнгүй. Уул уурхай тамтгаа алдан, нэг суманд 40-50 лиценз олголоо. Олонх болсон нам ажлаа хийж чадахгүй байгаад иргэд бухимдалтай байна. Олонх сайн ажиллахгүй бол УИХ 76 гишүүнтэй байя. Би ямар нэг юманд оролцоогүй, та нарт барьцаалагдаагүй тул эдгээр асуултыг тавьж чадаж байна." гэв.
Засгийн газар энэ сарын эхээр оруулсан, эхний төсөлдөө УИХ нийт 152 гишүүнтэй байна гэж заасан ч энэ тоо 126 болж буурсан юм. Тэдний 48-ыг намрын жагсаалтаар УИХ-ын гишүүн болгоно. Мөн хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоотой болгохоор тусгажээ. УИХ иргэдийн төлөөлөл. Хүн амын тоо өссөн тул төлөөллийг нэмэх нь зүйтэй гэж үзсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Иргэдийн төрд итгэх итгэл ихээхэн суларчээ. УИХ-ын гишүүдийг 126 болголоо гээд шударга, ёс суртахуунтай хүмүүс гарч ирэх үү гэсэн асуултад хариулт нэхэж байна. Засаглал сайн байсан бол хулгай дээрэм гарахгүй байв. УИХ-ын гишүүдийг хулгайч гэж нэрлэж байна. Иргэдтэй уулзахаар маш их бухимдлаа илэрхийлж байна. Цалин нэмнэ гэхээр хүмүүс баярлахаа больжээ. Цалин нэмэхээр үнэ өснө гэж айж байна. Эдийн засаг өссөн ч тэр өсөлт айл өрхөд нөлөөлөөгүй байна. Иргэд өсөлт гарсан гэж үзэхгүй байна. Бодит байдал ийм байгааг бид бодолцох ёстой." гэв.
Хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаад л амьдрал шууд сайжрахгүй. Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулийг баталснаар үр дүн гарна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 76 гэдэг тоо онцгүй гээд байвал итгэл бишрэлийнхээ дагуу 88 эсвэл 99 гишүүнтэй байвал яасан юм. Үндсэн хуулийн хямрал руу хөтлөх вий. Хэдэн жилийн дараа дахиад л ийм заалт дутуу байна гээд засах тухай ярих уу? Дахин засахгүй гэсэн баталгаа байна уу? Намыг биш хүнийг нь жагсаалтаар сонгох нь зөв. 48 гишүүнийг намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болгохдоо жагсаалтын хамгийн дээр сайн малчны төлөөлөл, гадаадад амьдардаг Монголчуудын төлөөллийг хамгийн дээр нь бичээрэй.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндсэн хуульд дахин 8 жил гар хүрэхгүй. Засгийн газрын гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн болж, давхар дээлтэй болж байгаа тул гишүүдийн тоог нэмнэ. Энэ бол зайлшгүй шаардлага. УИХ Засгийн газарт хяналт тавих үүрэгтэй.