Франц улсын "Boury-en-Bresse" шоронд хоригдож буй Монгол Улсын иргэн Г.Ган-Очир өнөөдөр утсаар шууд холбогдож, Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Түүний хувьд сонгуулийн хар машины луйвар болон Франц улсад хоригдох болсон шалтгааны талаар ярьсан юм. Тэрбээр "Сонгуулийн хар машины тогтолцооны талаар гурван жил тэмцэж байна. Монголд байгаа авлигачдыг хуулийн байгууллагад өгсөн ч шийдэгдээгүй. Тийм учраас Монголоос гарч, олон улсын байгууллагад улсынхаа талаар мэдээлэл өгөхөөр Европын улсад ирсэн. Гэтэл буруу хүмүүст итгэж, гүтгэгдээд Франц улсын шоронд орсон.
Хилс хэргээр гүтгүүлэхэд н.Энхжаргал, н.Отгонбаяр нар гар бие оролцсон бөгөөд тэд худал мэдүүлэг өгсөн. И нтерполын шугамаар өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд намайг эрэн сурвалжлах, баривчлах хүсэлт өгсөн юм билээ. Шоронд орсноос хойш дөрвөн удаагийн шүүх хуралд орлоо" гээд "Эхнэр А.Ариунтуяа "Ган-Очир намайг удаа дараа хүчиндэж зодсон, Монгол Улсад байхад шатааж алах гэсэн, цагдааг зодсон, 461 дүгээр хорих ангиас хүн оргуулсан" зэрэг хүн итгэхийн аргагүй худал мэдээлэл өгсөн. Гэтэл А.Ариунтуяа нь "Ган-Очир хоёр хүүхдээ өдөр болгон хүчирхийлж, дээрээс нь халуун ус асгаж, түлж байсан" гэдэг мэдүүлэг өгсөн байв.
Намайг 2016 оны тавдугаар сард ТВ5 телевизэд графикч мэргэжлээр ажилладаг байхад буюу миний хүүг хоёр настай үед нь хадам ээж халуун ус хийгээд түлж байсан. Тухайн үед бүртгэж авч байсан цагдаа, гэмтлийн эмч нар мэдэх байх. Хүү маань 70 хувийн түлэгдэлтэй учир сэхээний тасагт 14 хоногт хэвтсэн.
Өмнө нь манай улсын Засгийн газар Франц улсад Д.Энхбат гэдэг хүнийг баривчлуулаад эх оронд нь авчирч шоронд хорьсон. Үүнтэй ижил ажиллагааг над дээр явуулсан. Ингэхдээ намайг Франц улсад хулгай хийж амьдардаг мэтээр гүтгүүлсэн.
н.Энхжаргал, н.Отгонбаяр нар нь ганц намайг гүтгээгүй бөгөөд цэнхэр үст Цэрэнг гүтгээд, энд орогнол хүсээд явж байгаа.
Түүнчлэн А.Ариунтуяа, н.Энхжаргал нар намайг олон улсын байгууллагад Монгол Улсын талаар гомдол, мэдүүлэг өгөөгүй гээд хэлсэн байна.
Миний хувьд Нидерландын Гаага хотын олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд анхан шатны материал шалгуулах хүсэлтээ 2023 оны зургаадугаар сарын 26-нд өгье гээд орчуулагчтай уулзаад явж байсан ч шоронд орчихсон.
Надад байсан нотлох баримт, хоёр хуудас хавтаст хэрэг эхнэр А.Ариунтуяад байгаа. Түүнийг манай ах Мөөгий, н.Отгонтуяа эгчид өгөөч ээ гэхээр өгдөггүй.
Мөн өөрийн фэйсбүүк хуудсандаа оруулсан нотлох баримтыг эхнэр маань устгасан. Эдгээр нотлох баримтаа олж авахын тулд Франц улсын цагдаа нарт удаа дараа хандсан боловч надад хүлээлгэж өгөөгүй. Нотлох баримтууд нь ганц миний өмч биш, ард түмний өмч.
Шоронгоос надад "Fluoxetine arrow" гэдэг эмийг өдөр бүр өгдөг бөгөөд тархинд шууд нөлөөлж унтуулдаг болохоор уудаггүй. Хэрэв эмээ уугаагүй бол эмнэлэгт хүчээр дагуулж очоод өдөр бүр өндөр тунтай хар тамхины орц найрлагатай тариа хийдэг" гэдэг гэсэн юм.