МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн өнөөдөр /2023.06.20 / УИХ-ын сонгуулийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотой мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ
“Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу гишүүдийн тоо нэмэгдэж, холимог тогтолцоотой байхаар тусгасан. Тиймээс үүнийг сонгуулийн тухай хуульд зааж өгсөн.
• Тухайлбал, УИХ-ын 78 гишүүн сонгуулийн тойргоос мажоритараас олныг төлөөлнө.
• 48 гишүүнийг хувь төлөөлөх аргаар буюу пропорциональ аргаар сонгоно.
• УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог байхыг хуульчилж өгсөн. Гадаад улсад байгаа иргэдээс санал авахдаа зөвхөн жагсаалтаар нэр дэвшигч буюу улс төрийн намуудын нэр дэвшигч дээр санал авна.
• Тойрогт нэр дэвшигчдээс гадаадад байгаа иргэдийн санал авах боломжгүй. Гадаадад байгаа иргэдийн санал авах хугацааг хоёр өдөр байсныг дөрвөн өдөр болгон нэмэгдүүлж байна.
• Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой хардлагууд бий. Хардлагыг аль болох арилгана. Энэ үүднээс сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгогч болон иргэн танилцах бололцоог хангаж байгаа.
• Сонгуульд нэр дэвшиж байгаа нам эвсэлд санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө нэг удаа, санал хураахаас гурван хоногийн өмнө нэг удаа буюу нийтдээ хоёр удаа сонгогчдын нэр дэвшигчдийн жагсаалтыг цахим хэлбэрээр өгнө.
• УИХ-д сонгогчдын нэрсийн жагсаалт бүртгэх хяналтын дэд хороо ТББХ-д байдаг. Энэ дэд хороог нэгдүгээр сарын 1-нээс өөрчилж цөөнх ахалж байхаар өөрчлөлт орсон.
ЖАГСААЛТЫГ ХҮЙСИЙН ХАРЬЦААГААР СӨӨЛЖИЛНӨ
• Нэр дэвшүүлэхэд нэг хүйсийн байдал 30 хувь болгон нэмэгдүүлсэн. Цаашдаа 2028 оноос 40 хувь болгох зорилтыг тавьсан.
• Нам эвслийн жагсаалтад эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхдээ хүйсийн харьцааг 1:1 бичихээр хуульчилж өгсөн.
СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ ДАРААХ БАЙДЛААР БУУРУУЛНА
• Сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулна. Тээврийн хэрэгсэл 4 байсныг 2 болгосон. Гурван хэвлэлийн хуудас байсныг хоёр болгосон. Нам эвслийн жагсаалтаар нэр дэвшигчдийн хувьд гурван хэвлэлийн хуудаст багтааж сурталчилгаа хийх боломж олгож байна. • Тойрогт нэр дэвшигчид нэгдсэн самбартай байна. Нэгдсэн самбарыг тухайн сум дүүргийн засаг дарга зохион байгуулж бэлтгэх ёстой. Нэр дэвшигчид хэвлэлийн хуудасны 4/1 хэмжээнд зургаа байрлуулна. • Бизнесийн зорилгоор одоо ашигладаг самбарыг ашиглахыг хориглосон.
• Ухуулагчийг нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг болгосон. Сумдад нэг ухуулагч байна.
• Холимог систем оруулж ирсэнтэй холбоотой телевиз радиогийн мэтгэлцээнийг үнэ төлбөргүй зохион байгуулна.
• Цахим сурталчилгаа хийж болно. Цахим сурталчилгааны зардлыг зааж өгсөн. Нийт зардлынхаа 15 хувиас хэтрэхгүй байхаар оруулж өгсөн.
• Саналын хуудас хоёр хэлбэртэй байна. Тойрогт, нэр дэвшигчдийн саналын хуудас, нам эвслээс нэр дэвшигчдийн саналын хуудас гэсэн. Нэг онцлог нь бэхэн тэмдэглэгээтэй болж байна. • Бүх хэсгийн хороодод хяналтын тооллого явуулна.
НАМ, ЭВСЛИЙН БОСГЫГ ӨНДӨРСГӨНӨ
• Тойрогт ногдох нийт мандатын 50 ба түүнээс дээш хувьд нь намууд нэр дэвшүүлсэн байх ёстой. Дөрвөн хувийн босгыг давуулах ёстой. Тойрогт нэр дэвшүүлж байж дөрвөн хувийн босгыг давдаг.
• Намд дөрвөн хувийн босго тавьж байгаа. Хоёр нам эвсвэл таван хувийн босго тавьж байна. Гурав ба түүнээс дээш нам эсвэл долоон хувийн босго тавьж байгаа
0 сэтгэгдэлтэй