НХНХ-ын сайд Х.Булгантуяа: Төсвийн тодотгол 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ удаагийн хоёр их наядын төсвийн тодотголын 90 хувь нь ХНХЯ-ны хүний асуудал байгаа. Тиймээс ХНХЯ-наас цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, Хүүхдийн мөнгө олгох журам, Засгийн газрын тогтоолуудыг батлуулсан.
1.Сүүлийн 10 жилд шинэчлээгүй байсан тэтгэврийн итгэлцүүрийг энэ жил шинэчлэн баталж, 168 мянган иргэний тэтгэврийн зөрүү ойртлоо. Мөн тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүллээ. НДС-аас 488 мянган тэтгэвэр авагч байгаа. Тэдний 75 хувь буюу 361 000 иргэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Нийтдээ 496.2 мянган иргэний тэтгэврийн нэмэгдэлд НДС-аас 194.4 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар болж байна.Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 000-550 000, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 400 000-440 000, дундаж тэтгэвэр 550 000-630 000 төгрөг болж нэмэгдэнэ.
2.Нийгмийн халамжийн тэтгэвэр 288 000-325 000, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмж 288 000-325 000, асаргааны тэтгэмж 84500-275 000 төгрөг болж нэмэгдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмж 123 100-275 000 төгрөг болж нэмэгдлээ.
3.Хүүхдийн мөнгийг 0-18 насны бүх хүүхдэд олгоно. Хүүхдийн мөнгө авч байсан хүүхэд дахин хүсэлт гаргах шаардлагагүй, дансанд нь шууд шилжүүлнэ. Хүүхдийн мөнгийг наадмын өмнө олгоно.
4.Төрийн албан хаагчдын цалинг 26-50 хувиар нэмнэ. Төрийн захиргааны албан хаагчид болон шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын ажилчдын үндсэн цалин 1 сая төгрөгт хүрнэ. Төрийн тусгай албан хаагчдын цалин 242 000 төгрөгөөр нэмэгдэж, ялгаатай байдлыг арилгаж байна. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 30 гаруй хувиар нэмэгдүүллээ. Цалингийн нэмэгдэлд нэг их наяд төгрөг зарцуулна" гэдгийг мэдээлэв.
Монгол Улсад 225 000 төрийн албан хаагч ажиллаж байна. Тэднээс 217 000 албан хаагчийн цалин 26-50 хувиар нэмэгдэх аж.
0 сэтгэгдэлтэй