728 x 90

Арслан цолтой бөх ес даван түрүүлбэл аварга, аварга цолтой бөх түрүүлбэл даян аварга цол олгоно гэв

Арслан цолтой бөх ес даван түрүүлбэл аварга, аварга цолтой бөх түрүүлбэл даян аварга цол олгоно гэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Засгийн газар энэ сарын 23-нд УИХ-д өргөн мэдүүлжээ. Хуулийн төслийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулав. Тэрээр "Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3-т аварга, арслан цолтой бөх түрүүлсэн тохиолдолд олгох цолны зохицуулалтыг орхигдуулсан нь хийдэл үүсгэж байна. Тиймээс улсын баяр наадамд түрүүлсэн бөхөд олгох цолыг нарийвчлан заах шаардлагатай байна.

Энэ хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан боловч энэ нь зөвхөн улсын баяр наадмын барилдаанд хамааралтай бөгөөд аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах барилдаанаас допингийн шинжилгээг зайлшгүй авах шаардлагатай байна. Тиймээс аймгийн баяр наадамд түрүүлж үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авахыг хуульчилахаар тусгалаа.

Мөн аймгийн наадамд 128-аас дээш 256 бөх барилдахыг Үндэсний их баяр наадмын тухай хуулиар хязгаарласан нь тухайн барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийг барилдуулах нөхцөлийг хангахгүй байна. Үүнийг өөрчилснөөр тэгш ойн баяр наадамд 256 бөх барилдуулах боломж бүрдэнэ

Түүнчлэн 1921 оноос эхлэн зохион байгуулж ирсэн Цэргийн баяр наадмыг зохион байгуулах, түүнд цол олгохтой холбоотой зохицуулалтыг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмж тусгах шаардлагатай байна. Тус наадамд түрүүлж үзүүлэсэн бөхчүүдэд аймгийн баяр наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдтэй адилтах цол олгоно" гэлээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3.6-д "Улсын арслан цолтой бөх ес даван түрүүлбэл улсын аварга; 9.3.7.улсын аварга цолтой бөх ес даван түрүүлбэл улсын даян аварга цол олгоно" хэмээн заахаар хуулийн төсөлд тусгажээ.

Уг хуулийн төслийг Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ