728 x 90

Хохирогчийн эмэг эх Франц даяар амар амгалан байдал тогтоохыг уриалжээ

Хохирогчийн эмэг эх Франц даяар амар амгалан байдал тогтоохыг уриалжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

17 настай Нахел хэмээх залуу Парис хотын захад замын хөдөлгөөнд оролцож байхдаа цагдаа нарын шаардлагыг биелүүлээгүй шалтгаанаар буудуулж алагдсан нь Франц даяар томоохон үймээн самуун, эмх замбараагүй байдал дэгдэхэд хүргэсэн билээ.Хохирогч залуу Алжир гаралтай нэгэн байсан бөгөөд энэ нь араб, африк цагаач иргэдийг хилэгнүүлэх шалтгаан болсон юм. Үүнээс хойш Францын бараг бүх том хотуудад цагаач иргэд үймээн дэгдээж, байшин барилга, автомашинуудыг галдан шатааж, дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж эхэлсэн. Францын дотоод хэргийн яам дэг журам сахиулахаар цагдаагийн 45,000 албан хаагчийг дайчилж, олон мянган хүнийг баривчлаад байна. Ням гарагт хохирогч залуугийн эмэг эх Надя телевизээр үг хэлэхдээ хүчирхийллээ зогсоож, амар амгалан байдал тогтоохыг уриалсан юм.

“Үймээн самуунаа зогсоо, эвдэн сүйтгэхээ боль. Үймээн дэгдээж буй хүмүүст хандаж хэлэхдээ "Битгий цонх хагал, сургууль, автобус руу битгий дайр. Эдгээр автобусаар ээжүүд зорчдог юм” гэж ярьсан тэрбээр “Нахелын үхлийг хүчирхийллээ зөвтгөх шалтгаан болгохгүй байх, орон даяар амар амгалан байдал тогтоох”-ыг уриалсан байна.Тэрбээр ач хүүгийнхээ үхэлд буруутай цагдаагийн алба хаагчийг өршөөхгүй ч нийт цагдаа нарыг үзэн ядаагүйгээ энэ үеэр илэрхийлжээ. Ням гарагийн орой Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нөхцөл байдлыг хэлэлцэх уулзалтыг холбогдох яамдын сайд нартай хийхээр болсныг Элизейн ордон мэдээлсэн байна. Бямба гарагийн шөнө хууль сахиулагчид 719 хүнийг баривчилсан нь Баасан гарагийн 1,300 гаруйгаас буурсан үзүүлэлт болжээ.

Үүнээс гадна цагдаагийн 40 гаруй албан хаагч бэртэж, босогчид 577 автомашин, 74 байшин барилгыг шатаасан байна. Нахелыг буудсан 38 настай цагдаагийн офицер одоо хүний амины хэрэг санамсаргүй үйлдсэн хэргээр хоригдож байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ