Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн саяхан өндөрлөсөн. Энэ ДАШТ-ий финалд Испанийн шигшээ баг ялалт байгуулсны дараа Испанийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Луис Рубиалес шигшээ багийн довтлогч Женни Эрмосогийн уруул дээр үнссэн нь ихээхэн дуулиан тарьж байлаа.
Талбай дээр болсон үнсэлт зүгээр нэг шуугиан тариад өнгөрсөнгүй. Испанийн Үндэсний шүүхийн Прокурорын газар тус улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Луис Рубиалесийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэргээр урьдчилсан мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлжээ. Харин Рубиалесийн ээж хүүг нь "ангуучилж байгаа"-г эсэргүүцэн, шударга ёсыг шаардаж өлсгөлөн зарласан байна.
Одоо Испанийн прокурорууд Рубиалес хөлбөмбөгчнийг уруул дээр нь үнссэнийг бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг гэж үзэж болох эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн хөлбөмбөгчин эмэгтэйтэй холбогдож, "гомдол гаргах хүсэлтэй бол 15 өдрийн дотор мэдпээлэл авах, бэлгийн хүчирхийллийн хохирогчийн эрхийн талаар мэдээлэл өгөх боломж олгох"-оор зэхэж байгаа гэнэ.
"Бэлгийн халдлага, дарамт эсвэл бэлгийн хүчирхийллийн хэрэг үүсгэхийн тулд хохирогч тал эсвэл түүний хууль ёсны өмгөөлөгч нь прокурорын газар хандах ёстой" гэж Прокурорын газрын мэдэгдэлд өгүүлжээ.
Өнгөрсөн баасан гарагт Эрмосо бүсгүй мэдэгдэл хийхдээ өөрийг нь үнсэхийг зөвшөөрөөгүй гээд Рубиалес түүнд бэлгийн шинж чанартай зүй бус үйлдэл үзүүлсэн, ийм халдлагын хохирогч гэж өөрийгөө үзэж байгааг онцолсон юм. Тэрбээр Рубиалесын эсрэг албан ёсоор гомдол хараахан гаргаагүй байна. Ийм гомдол гаргахаас татгалзвал Рубиалестэй холбогдох хэрэг хаагдана гэж Испанийн хэвлэлүүд бичжээ.
Эргэн сануулахад, Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Испанийн шигшээ баг Английн шигшээг 1:0 харьцаагаар ялсны дараа Рубиалес довтлогч Женнифер Эрмосогийн уруул дээр үнссэн юм.
Ийнхүү үнссэний дараа ихээхэн дуулиан дэгдэж, түүнийг Испанийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн албанаас түр түтгэлзүүлээд байгаа аж. Харин Рубиалес албан тушаалаа орхих хүсэлгүй байгаа гэнэ.
"Би огцрохгүй, би албан тушаалаа орхихгүй, огцрохгүй. Би эцсээ хүртэл тэмцэнэ" гэж хөлбөмбөгийн холбооны удирдлагын шуурхай хурал дээр Рубиалес мэдэгджээ. Түүнчлэн шүүх хурал дээр ч нэр төрөө хамгаална хэмээн онцолсон байна.
Өдгөө 46 настай Рубиалесийг хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөс огцруулахыг Испанийн Засгийн газрын хэд хэдэн гишүү, Испанийн болон гадаадын олон тамирчин шаардсан юм.
Хүүтэй нь холбоотой дуулиан дэгдсэний дараа Рубиалесийн ээж Анхелес Бехар хүү нь өсөж торнисон Мотриль хотод байх нэгэн сүмд орон хаалгыг нь цоожилж, хүүг нь "ангуучилж байгаа"-г эсэргүүцэн өлсгөлөн зарлажээ.
Тэрбээр өдөр шөнөгүй өлсгөлөн зарлана, "хүүгийн минь эсрэг хүний үнэргүй, цуст дайралт хийж байгаа нь шударга бус" хэмээн орон нутгийн сэтгүүлчдэд өгүүлсэн байна
0 сэтгэгдэлтэй