Сангийн яамнаас “Улсын төсвийн хөрөнгө оруулалт”-ыг иргэд олон нийтэд ил тод болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тодруулбал, 2024 оноос эхлэн төсөл, арга хэмжээ бүрийг төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын “PIMIS” цахим системээс дахин давтагдахгүй кодоор коджуулахаар болжээ.
Үүнд,
- Төслийн “анх” батлагдсан үеийн төсөвт өртгийн мэдээлэл
- Тухайн онд төслийн батлагдсан мэдээлэл
- Төслийг гүйцэтгэх гэрээний мэдээлэл
- Төслийг захиалагч, гүйцэтгэгч, хянагч байгууллагын мэдээлэл
- Төслийг гүйцэтгэж, хэрэгжүүлэх үеийн мэдээлэл
- Төслийг гүйцэтгэх үеийн зураг, хяналтын тайлан болон санхүүжилтийн дүн зэрэг мэдээллийг оруулна. Мөн төсөл ашиглалтад орох үед “төр болон орон нутгийн өмч”-д бүртгэхэд энэ кодыг үндэслэнэ. Улмаар төслийн захиалагч, гүйцэтгэгч, иргэд, олон нийт төсвийн хөрөнгө оруулалтын www.publicinvestment.gov.mn вэб сайт болон гар утасны аппликейшнээр дамжуулан төслийн үйл явцын мэдээлэл авч, хяналт тавих, төслийн гүйцэтгэлтэй холбоотой санал хүсэлт ирүүлэх боломжтой юм.