728 x 90

Хүчиндэх гэмт хэргийг хохирогчдын 3 хүн тутмын 2 нь хүүхэд байна

Хүчиндэх гэмт хэргийг хохирогчдын 3 хүн тутмын 2 нь хүүхэд байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Хүүхдийн хүчирхийллийн талаар мэдээлэл түгээхдээ хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид асуудалд нухацтай хандаж, шүүлтүүртэй хандахыг хүсч байна. Миний бие өдөр бүр гэмт хэрэг, зөрчлийн улсын статистик мэдээлэлтэй өдөр бүр танилцдаг. Өнөөдрийн байдлаар 7 хоногийн мэдээгээр гурван төрлийн гэмт хэргийн гаралт огцом нэмэгдсэн нь сэтгэл түгшээж байна. Амиа хорлох гэмт хэрэг 55 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн. Сэтгэцийн гэмтэлтэй хүмүүс гэмт хэрэг үйлдэх сэдэл болдог бөгөөд гэмт хэргийн тоо өсөхөд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа нь олон нийтийг түгшээж байна. Тодорхой гэмт хэргийн талаар аль болох ёс зүйтэй ажиллахыг хүсч байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуулийн ялын бодлогод ямар нэмэлт өөрчлөлт орсон талаарх мэдээллийг танилцуулъя.

Бүх насаар хорих ял ногдуулахаар заасан хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20-30 жил болгож байгаа. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг гэсэн хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагүй болж байна.

Мөн бага насны хүүхдийг хүчиндэх, алах, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Гуравт, сая дурдсан дөрвөн гэмт хэрэг болон бусдыг санаатай алах, авлига албан тушаалын бүх хэрэгт хорих ялыг хугацаанаас өмнө суллахгүй. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгоно. Энэ ялын бодлогыг чангаруулж байгаа асуудлыг нэг тохиолдлоор, сэтгэл хөөрлөөр хийгээгүй.

Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь  18 нас хүрээгүй хүүхэд байна. Хүчиндэх гэмт хэргийг хохирогчдын гурван хүн тутмын хоёр нь хүүхэд байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээс ямар ял ногдуулж байна гэдгийг авч үзсэн. Үүнийг тоймловол, сүүлийн хоёр жилд нийтдээ 432 хүнийг гэм буруутайд тооцож, ял ногдуулсан. Ялтны 22.7 хувь нь буюу 98 нь өмнө нь ял шийтгүүлж байжээ. Бүх хэргийн шүүхийн шийдвэр дээр анализ хийхэд 2021 оны байдлаар 54.6 хувьд 10-15 жилийн хорих ял, 52.04 хувьд нь 2022 онд 10-15 жилийн хорих ял ногдуулжээ. Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн Эрүүгийн хуулийн ялын бодлогыг чангаруулах шаардлагатай гэдгийг нотолж байна. Магадлангийн асуудлыг сүүлийн 10 жилээр судалж үзэхэд, 2013-2023 оны хугацаанд сая дурдагдсан бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, авлига албан тушаалын гэсэн гурван гэмт хэргийг нийт 3879 хүн суллагдсан байна. Эдгээр хүмүүсийн 52.9 хувь нь хүн алах, 45.4 хувь нь хүчиндэх, 13.7 хувь нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн бол 1.6 хувь нь авлига албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлсэн байна. Магадлангаар суллагдсан 3879 хүнээс зургаа нь дахин гэмт хэрэг үйлдсэн. Тэдний 3873 нь дахин гэмт хэрэг үйлдээгүй байна. Магадлангаар гарсан хүмүүсийн 77.5 хувь нь шүүгчийн захирамжаар, 12.2 хувь нь хорих ялын хугацаа нь дууссан бол 5.6 хувь нь эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдсан, 2.6 хувь нь өвчний учраас, 0.9 хувь нь өршөөлд, 0.6 хувь нь УДШ-ийн тогтоолд хамрагдаж, 0.2 хувь нь Ерөнхийлөгчийн зарлигаар суллагдсан байна" гэв.

АЖИЛ ҮҮРГИЙН ДАГУУ ОЛЖ МЭДСЭН АЛБАН ХААГЧ, АЖИЛТАН НУУЦЫГ ЗАДРУУЛБАЛ 1-5 ЖИЛ ХОРИНО

Хоёр дахь зарчмын шинжтэй асуудал бол бага насны хүүхдийн Эрүүгийн хуульд байгаа насны хязгаар 14 байсныг 16 нас болж нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр 14-16 насны хүүхдүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа ялын бодлого одоо Эрүүгийн хуульд тусгасан байгаа 14 наснаас доош насны хүүхдүүдтэй адил болж байна. Өөрөөр хэлбэл, 14-16 насны хүүхдүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа дараах гэмт хэргийн ялын бодлого чангарах юм. Үүнд, хүчиндэх гэмт хэргийн шинжийг хоёр хуваан авч үзэж байна. 2015 оны буюу одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар хүчиндэх гэмт хэргийн шинжийг хийхдээ бэлгийн харьцаанд орж, хурьцал үйлдсэн үйлдлийг хурьцал үйлдээгүй ч бие эрхтэнд нь бусад газар хүрсэн завдалттай адил ял шийтгэлээр шийтгэдэг онцлогтой. Энэ үйлдлийг хоёр салгаж, хурьцал үйлдсэн үйлдлийг хүнд гэмт хэргийн ангилалд оруулж, ялыг 1-5 жил байсныг 2-8 жил болгож, насны ангиллыг 0-14, 14-16, 16-18 гэсэн ангиллаар зааглалаа. Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон үйлдлийг өөрөө зөвшөөрсөн, хүч хэрэглээгүй байснаас үл хамаарч хүчиндэх гэмт хэрэгт тооцдог юм.

Энэ ангиллыг нарийн зааглахгүй бол 15, 16 настай хүүхэд хайр сэтгэлийн үүднээс бэлгийн харьцаанд орвол хоёулаа бүх насаар хорих ялаар шийтгэгдэх ялын үр дагавар гардаг учраас шинжлэх ухааны үндэслэлтэй, ялгамжтай байдлаар авч үздэг. Мушгин гуйвуулснаас болоод Х.Нямбаатар сайдыг өмнө нь хүүхэдтэй унтаж, хүчиндэж болно гэж гүтгэж байсан шүү гэдгийг хэлье.

Хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хүнд ангилалд оруулсантай холбоотойгоор тэнцэн харгалзах ял оноохгүй. Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг олж авсан хүн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах үйлд хүлээлгэх хариуцлагыг хөндөхгүй. Харин хууль сахиулагч буюу албан үүргийн дагуу олж мэдсэн албан хаагч, ажилтан нууцыг задруулбал торгох ялыг хасч, 6 сараас гурван жил хорих ялыг 1-5 жил болгож байна. Мөн энэ этгээдэд нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жилээр хасна. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг гэмт хэрэгт тооцохыг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ СОГТУУГААР ЖОЛООДВОЛ 4 ЯЛЫН СОНГОЛТТОЙГООР ГЭМТ ХЭРЭГТ ТООЦНО

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энд 1-5 жил хорино гэж мэдээлэл цацагдсан. Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодвол дөрвөн ялын сонголттойгоор гэмт хэрэгт тооцно. Ингэхдээ 1-3 жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг хасч, 450 мянгаас 2.7 сая төгрөгөөр торгох эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас нэг жилээр хорино. Дахин энэ зөрчил гаргавал энэ үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулж, хорих ялын хэмжээ хоёр жил, торгох ял, зорчих эрхийн хязгаарлалт хоёр жилээр нэмэгдэнэ. Хэрвээ давтан ийм үйлдэл гаргавал ял нь чангарна. Мөн согтуурч, мансуурсан үедээ жолоо барьж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулбал 3-5 жил, хүнд хохирол учруулбал 5-8 жил, хүний амь нас хохироосон бол бүх насаар нь хорино.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ