Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын энэ оны 13 тоот удирдамжийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт 1XBET гэх нэр, логог ашиглан төлбөрт таавар, бооцоот тоглоомын зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээж буй аж ахуй эрхлэгч, иргэдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээж буй аж ахуй эрхлэгч, иргэд нь санхүүжилт авах зорилгоор 1ХBET гэх лого, баннер байршуулж түгээж байгаа нь холбогдох хууль тогтоомж зөрчиж байгаа тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс зөвлөмж гаргалаа.
1ХBET гэх нэртэй гадаадын сайт нь бооцоот, таавар тоглоомын үйл ажиллагааг интернэт, цахим орчинд явуулдаг бөгөөд Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4-т заасны дагуу “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс аваагүй байна.
Мөн 1ХBET гадаадын сайт болон дээрх баннер, логог үйл ажиллагааны зар сурталчилгаандаа байршуулж, түгээж байгаа нэр бүхий аж ахуй эрхлэгчид, цахим орчинд олон дагагчтай сошиал нөлөөлөгчид гэж нэрлэгддэг иргэд Зар сурталчилгааны тухай хууль зөрчиж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн, 6.5-д “Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно” гэж; 6.5.1-т “зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах” гэж заасныг тус, тус зөрчиж байгаа юм байна.
0 сэтгэгдэлтэй