Наадамчдын өргөн чөлөө буюу Яармагийн замын 1-р эгнээ тусгаарласан хашлагыг хэрэгтэй хэмээн тавьж байсан нь саяхан. 1.2 тэрбумын өртөгтэй хашлагыг харамсалтай нь сар гаруйн дараа буулгаж эхлээд байна.
Учрыг лавлабал, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн өчигдөр /2023.10.15/ болж, Хотын ерөнхий Менежер М.Баяраа Наадамчдын замын дагуух дайрагдсан, эвдэрсэн, өнгө үзэмжгүй, гэрэлтүүлгийн шон, хайс хашлага, явган зам, ногоон байгууламжийн хашлага зэрэг нийтийн эзэмшлийн эд хөрөнгүүдийг дүүрэг, ашиглалт арчлалт хариуцсан байгууллагууд засварлаж, өнгө үзэмжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах үүрэг өгчээ.
Үүний дагуу автомашины хөдөлгөөнд саад учруулж буй хайс, хашлагуудыг татан авах ажлыг эхлүүлсэн байна. Энэ талаар Хотын менежер М.Баяраа, “Есдүгээр сарын 5-наас эхлэн сар гаруйн хугацаанд энэхүү хайсыг байрлууллаа. Үр дүнд нь автобусны эргэлт, зорчигчийн тоо нэмэгдсэн гэх мэтээр эерэг тал гарсан. Цаашид шаардлагатай газруудад нь хайсыг үлдээнэ. Жишээ нь автобусны буудал, сургуулийн орчинд аюулгүй байдлыг хангах үүднээс үлдээх юм. Харин автомашины хөдөлгөөнд саад болоод байгаа хэсгүүдэд байрлуулсан хайснуудыг татаж, замыг чөлөөлж байгаа” гэв. Уул нь хотын менежер энэ хашлагыг тавихаас өмнө яагаад тухайн үед нь хорьж болоогүй юм бол. Улсын олон сая төгрөг гараад зарцуулагдсны дараа гэнэт хэрэггүй байсан байна гэх юм. Хотынхон ажил үүргээ явуулахдаа судлаж, аюулгүй байдлыг нь харгалзан үзэж байж, хэзээ ажлаа явуулдаг болох вэ? 1.2 тэрбум төгрөг үргүй зарцуулагдлаа. Үүний хариуцлагыг хэн үүрэх вэ? Ямар ч тооцоолол алсын хараагүй зүйл хийдэгээ хэзээ болих вэ.
0 сэтгэгдэлтэй