Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийж байна.Түүнийг өчигдөр Бишкек хотын "Манас" олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Киргиз Улсын Шадар сайд Эдиль Байсалов тэргүүтэй хүмүүс угтан авлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровтай уулзан албан ёсны хэлэлцээр хийж, хоёр орны хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. Мөн тус улсын Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзаж ярилцах юм.
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хооронд 1992 оны 4 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон, уламжлалт найрсаг харилцаатай орон юм. Монгол Улс нь Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо 2014 онд Ерөнхий консулын газрыг нээж, улмаар 2017 онд Ерөнхий консулын газрыг Элчин сайдын яам болгож өргөх Засгийн газрын шийдвэр гарч, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Элчин сайдын яамыг албан ёсоор нээжээ.
0 сэтгэгдэлтэй