728 x 90

Цагдаа нар хоёр тонн кокайн илрүүлжээ

Цагдаа нар хоёр тонн кокайн илрүүлжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Төв Америкийн Коста Рика улсын цагдаа, тусгай хүчнийхэн Карибын тэнгисийн эрэг дээрх Лимон боомтоос их хэмжээний хууль бус мансууруулах бодисыг олсон. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ойролцоогоор хоёр тн орчим кокайныг чингэлэгт нуусан байжээ. Ийм их хэмжээний кокайнтай чингэлгийг Бельги улсын Антверпен хот руу тээвэрлэх гэж байхад нь ийнхүү гэмт хэргийг илрүүлэн, тээвэрлэлтийг зогсоосон байна.

Коста Рикагийн Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах яамны Тусгай нэгжийн дэд сайд Мануэль Жименез дээрх мэдээллийг хэвлэлийн бага хурал дээр танилцуулсан байна. Түүний хэлснээр Антверпен хотод хүргэгдэхээр бүртгүүлсэн чингэлгээс 2,148 кг кокайн илрүүлжээ. Одоогоор уг хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж, чингэлэг хаанаас ирсэн болон эзэн холбогдогчийг нь илрүүлэхээр шалгаж байна.

Олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс нэг хэсгийг нь Алакуэла мужийн Хуан Сантамариа олон улсын нисэх буудалд дэлгэн харуулжээ. Кокайныг Бельгийн Антверпен хот руу хаягласан жимс жимсгэнийн хамт нуусан байна. Чингэлгийн тээвэртэй холбоотой нэг хүнийг баривчлан саатуулжээ. 

Дотоодын аюулгүй байдлыг хамгаалахын сайд Марио Замора мөн уг хэргийн талаар мэдэгдэл хийжээ. Тэрээр Коста Рика улсын нутэг дэвсгэрийг ашиглан хууль бусаар мансууруулах бодис тээвэрлэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан хэн ч шударгаар шүүгдэх болно гэдгийг анхаарууллаа.

Коста Рика нь зэвсэгт хүчнээ татан буулгасан цөөн улсуудын нэг бөгөөд эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийн дунджаас дээгүүр бичигддэг, амар тайван, аз жаргалын индекс өндөртэй, аялагч жуулчид ихээр очиж амардаг газар байжээ. Гэсэн ч 2000 оноос хойш газарзүйн байршлаасаа шалтгаалан хууль бус мансууруулах наймааны дамжин өнгөрөх гол гарц болсон. Өнгөрсөн 20 орчим жилд хүн амины гэмт хэрэг, хулгай дээрэм, хууль бус мансууруулах бодисны наймаа хэд дахин нэмэгджээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ