Х.Нямбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг хуульчлахаар зэхэж байна. Тэрээр өнөөдөр (2023.10.30) “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийн төслийг Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Харин МАН-ын бүлэг хуулийн төсөл дэх татвар, торгуультай холбоотой заалтыг сайтар судалсны дараа УИХ-д оруулж ирэх чиглэлийг өгсөн юм. Нийслэлийн тулгамдсан асуудал болох түгжрэл, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлээд хуульчилж, дараа нь үе шаттай арга хэмжээ авахыг зорьж байгаагаа мэдээлэ эхэллээ. Нийслэлийн иргэдийн ажил, амьдралтай шууд холбоотой эл хуулийн төсөлд санаачилж буй нь сайн ч энэ дотор хурдан хуймгай,амьдралд нийцэхгүй зүйлс багагүй байгаа нь эхнээсээ шүүмжлэл дагуулж буй юм. Нөгөө талаар хүний эрхийг зөрчсөн зүйлс байна гэж ажиглагчид үзэж байна. Тухайлбал тэр "Төлбөртэй бүс" тогтоох бэлтгэлээ хангаж байна. Энэ бүс Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл иргэд машинтай зорчихдоо төлбөр төлдөг болох бүс болж байна.
Хуулийн төсөлд “Замын хөдөлгөөний төлбөртэй бүс” гэж замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон нутаг дэвсгэрийг хэлэх бөгөөд төлбөртэй бүсэд нэвтрэхэд төлөх төлбөрийг хэлнэ гэжээ. Төлбөртэй бүс, түүний хилийн зааг, цагийн хязгаарыг Нийслэлийн Засаг дарга тогтоож, бүсэд мөрдөх журмыг батлахаар заажээ. Өөрөөр хэлбэл, хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн тодорхой бүсийг төлбөртэй болгох бөгөөд тухайн бүсэд нэвтэрсэн тээврийн хэрэгсэл төлбөр төлөх эрх зүйн орчныг энэ хуулиар бий болгох аж. Хуульд автомашин эзэмшигч болон жолооч хотын даргын тогтоосон төлбөртэй бүсэд өдөрт нэг удаа нэвтрэхэд төлбөргүй буюу 0 байна. Харин өдөрт 1-ээс дээш удаа нэвтрэх бүрт төлбөр төлөх зохицуулалттай байх аж. Хамгийн ихдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хүртэл хувьтай тэнцэх буюу 27500 төгрөгийн төлбөр төлөхөөр тусгасан байна. Гэхдээ төлбөртэй бүсэд нэг жолооч өдөрт хоёр удаа зорчвол хэд, гурав, дөрөв бол хэдэн төгрөгийн төлбөртэй байхыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор заажээ. Харин аль зам төлбөртэй байх вэ, цагийн хязгаар яаж тогтоохыг Нийслэлийн Засаг дарга шийдэх гэнэ.
Дараах этгээдүүдийн төлбөртэй бүсийн төлбөрийг хөнгөлнө.Замын хөдөлгөөний төлбөртэй бүс гэж тодорхойлсон бүсэд оршин суух хаягтай иргэний тээврийн хэрэгслийг 90 хувиар хөнгөлнө. Зөвшөөрөлтэй такси үйлчилгээг 50 хувиар хөнгөлнө. Дараах этгээдүүдийг төлбөртэй бүсийн төлбөрөөс чөлөөлнө .
-Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэж замын хөдөлгөөнд оролцох хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон дохиолол хамгаалал, даатгалын шуурхай алба, хот тохижилт, техникийн хяналт болон замын арчлалт, засвар үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай шуурхай ажлын тээврийн хэрэгсэл;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тээврийн хэрэгсэл, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүрэн хараагүй, бүрэн хэлгүй, дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тээвэрлэх зориулалтаар зөвшөөрөл авсан асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тээврийн хэрэгсэл; -Чиглэлийн тээврийн хэрэгсэл, сургууль, цэцэрлэг, ажилчдын автобус; Бүх төрлийн унадаг дугуй, мопед, мотоциклийг 100 хувь төлбөртэй бүсийн төлбөрөөс чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
Төлбөртэй бүсийн төлбөрийг 10 хоногийн дотор төлнө .Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр төлөгч нь замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэвтрэх төлбөрийг нэхэмжлэх үүссэнээс хойш ажлын 10 өдөрт багтаан холбогдох төсөвт төлөхөөр төсөл заасан байна.
Түүнчлэн замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийн гүйлгээг холбогдох хуульд заасны дагуу төсөвт шилжүүлж болно. Хугацаанд нь төлөөгүй замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2-т заасан урамшууллаас суутгаж болох зэргээр хуулийн төсөлд тус тус тусгажээ. Гол нь "төлбөртэй бүс"-ээс хураасан орлогын эх үүсвэрийг эргээд Улаанбаатар хотын авто замын чанар, зогсоол, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
0 сэтгэгдэлтэй