Засгийн газрын хуралдаанаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. Хуулийн төслийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар Худалдаа аж үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-аар өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Өнөөдрийг хүртэл Худалдаа аж үйлдвэрийн танхим 21 аймаг, нийслэлд салбар бүтэцтэйгээр бизнес эрхлэгчдийг төлөөлж ирсэн. Тэгвэл энэ хуулийн шинэчлэлээр танхимыг бүрдүүлж байгаа мэргэжлийн холбоод нь салбар бүрийг төлөөлөх зарчим руу шилжиж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын бизнес эрхлэгчид нэгдэж мэргэжлийн холбоо байгуулна. Мэргэжлийн холбоо нь Худалдаа аж үйлдвэрийн дотор бүтэцтэй байна. Төрийн бус байгууллага бүтэц, хариуцлагын хувьд асуудалтай байдаг. Нэг хэсэг бүлэг хүний байгуулсан төрийн бус байгууллага маш олон байна. Нэг жишээ нь МОНАДА гэж допингийн эсрэг төрийн бус байгууллага нь нэг гэр бүлийн байгууллага. Төрийн хэмжээнд ажил гүйцэтгэхэд асуудал үүсдэг.
Төр засгийн зүгээс бүх шатанд хариуцлагын тогтолцоог бий болгохыг зорьж байгааг Ерөнхий сайд хувийн хэвшлийнхэнтэй уулзаж байхдаа хэлж байсан. Тэгвэл өнөөдөр хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд хувийн хэвшлийн үүрэг хариуцлага нь тодорхой болно. Төр ч бай, хувийн хэвшил ч бай чанартай, найдвартай, хариуцлагатай үйлчилгээтэй байхаар өөрчилж байна. Төр хувийн хэвшлийн харилцаа, татварын орчныг сайжруулах хууль эрх зүйн шинэчлэлийг үе шаттай хийнэ" гэлээ.
Мөн энэ үеэр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин "Танхимын хуулийг 1995 онд баталсан. Өнгөрсөн хугацаанд хэд хэд удаа өөрчилсөн боловч өнөөдрийн үүсээд байгаа асуудлыг зохицуулахад хүндрэлтэй байгаа. Тиймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн төлөөллийн байгууллагыг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж танхимын хуулийг өргөн барихаар болж байна. Бидний зорилго бол салбарын холбоодыг илүү мэргэжлийн болгохыг зорьж байна. Татвар, зээл, хүний нөөц, авлига хүнд сурталтай холбоотой асуудлууд бизнесийн салбарт хүндрэл учруулж байна" гэв.
0 сэтгэгдэлтэй