Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-24-ны өдрүүдэд болов. Тэмцээний эмэгтэйчүүдийн зураан улааны төрөлд Монголын тамирчин, ОУХМ Б.Нарантуяа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хэсэгтээ Хонгконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг буулган авсан бөгөөд дараа нь Германы тамирчныг 4:2-оор хожсоноор хүрэл медалийн болзол хангасан юм. Улмаар өнөөдөр мөнгөн медалийн төлөө дэлхийн аварга Энэтхэгийн тамирчинтай өрсөлдөхөд 3:4-өөр Б.Нарантуяа ялагдснаар хүрэл медаль дээр буулаа. Снукер бильярдын ДАШТ-ий Монголын анхны медалийг хүртэж буй Б.Нарантуяа нь өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байв. Б.Нарантуяа нь снукер бильярдын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальтайгаас гадна Дэлхийн мэргэжлийн чансааны 50 дугаар байрт эрэмдлэгдэж байгаа юм.