Хэнтий аймгийн Дадал сумын нутгаар өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нд 19:22-19:54 цагийн хооронд туйлын туяа ажиглагдлаа гэж тус сум дахь Цаг уурын өртөөнөөс мэдээлсэн.
Мөн энэ үзэгдэл Дорнод аймгийн хойд сумдын нутгаар ажиглагдсан тухай Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Туйлын туяа Говьсүмбэр, Дорноговь, Сэлэнгэ, Архангай, Дархан-Уул, Завхан, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Хөвсгөл, Төв аймгийн нутгаар ажиглагдсан тухай нутгийн иргэд бичжээ.
Хөвсгөл аймгийн Галт, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын 1-р баг буюу Корпусын хойд зүгт, хүмүүсийн сайн мэдэх Сайханы хөтөл орчим, Архангай аймгийн Ихтамир суманд ажиглагдсан туйлын туяаны зургийг та бүхэнд толилуулж байна.
Tуйлын туяа нь агаар мандалд цочролд орсон хүчилтөрөгч, азотын атомын нөлөөгөөр гэрэлтэх үзэгдэл бөгөөд энэхүү хурдатгалтай цэнэгжсэн атомууд нь хоёр туйлын орчимд агаар мандалд байх дэлхийн соронзон оронтой мөргөлдсөний улмаас бий болдог. Энгийнээр хэлбэл, туйлын туяа нь дэлхийн соронзон орон нарны салхитай харилцан үйлчлэхэд үүсдэг гэрэл юм.
0 сэтгэгдэлтэй