Монголын үндэсний паралимпын хорооны 2023 оны шилдэгийн шилдэг шалгаруулах ёслол “Улаанбаатар” зочид буудлын “Баянзүрх” танхимд болов. Улирч буй онд манай улсын пара тамирчид ДАШТ, Азийн наадам, Азийн АШТ, Дэлхийн цом болон гранпри тэмцээн, наадмуудаас нийт 132 (алт 62, мөнгө 43, хүрэл 27) медаль хүртжээ. 2023 оны спортын онцлох үйл явдал болох “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас Монголын тамирчид найман медальтай ирсэн бөгөөд одоогийн байдлаар “Парис-2024” зуны паралимпын гурван эрхийг эх орондоо авчирсан байна.
МҮПХ-ны оны шилдгүүдийг танилцуулж байна:
- Шилдэгийн шилдэг тамирчин: Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ
- Шилдэгийн шилдэг эмэгтэй тамирчин: У.Сүрэнжав
- Шилдэг эрэгтэй тамирчин: Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ
- Шилдэг эмэгтэй тамирчин: Л.Туруунаа
- Шилдэг эрэгтэй дасгалжуулагч: Д.Батнасан
- Шилдэг эмэгтэй дасгалжуулагч: Б.Нарантуяа
- Шилдэг залуу тамирчин: Г.Даваахүү
- Шилдэг спортын холбоо: Монголын пара хөнгөн атлетикийн холбоо
- Оны онцлох тамирчин: Д.Ганбат
Оны шилдэгийн шилдэг тамирчин болсон Э.Содномпилжээ нь 2023 онд пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгө, Дэлхийн цомоос алт, Азийн АШТ-ээс алт, “Ханжоу-2023” Азийн зуны спортын пара наадмаас мөнгө, “Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадмаас алтан медаль хүртсэн юм. Тэрбээр МҮПХ-ны оны шилдэгийн шилдэг цомыг дөрөв дэх удаагаа хүртэж байгаа ба өмнө нь 2016, 2018, 2021 онд гардаж байв. Харин шилдэгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон У.Сүрэнжав нь таеквондогийн 2023 оны ДАШТ-ээс хүрэл, “Ханжоу-2022” Азийн пара наадмын мөнгө, Австрали, Франц, Мексикийн гранпри тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн юм.
Энэ ёслолын үеэр МҮПХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Монголын тэргэнцэртэй сэлэмний холбооны нарийн бичгийн дарга О.Анударьд олголоо. Түүнийг тэргэнцэртэй иргэдийг багийн спортоор хичээллэх, спортын амжилт гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж, тус спортын төрлийг Монгол улсад хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хэмээн шагнасан нь энэ.
0 сэтгэгдэлтэй