Йемений Хусит бүлэглэлийнхэн худалдааны хөлөг онгоц руу дайрах нь ихэссэн тул газрын тосны "BP" компани Улаан тэнгисээр дамждаг бүх тээвэрлэлтийг зогсооно гэж мэдэгджээ. "BP" нь дэлхийн хамгийн том газрын тосны компаниудын нэг юм.
Үүнээс улбаалан Даваа гаригт газрын тос, байгалийн хийн үнэ огцом өссөн байна. Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх брент маркийн нефтийн үнэ 2.7 хувиар өсч, баррель нь 78.64 ам.доллар болжээ. Харин АНУ-ын нефтийн үнэ 2.8 хувиар өсч, 73.44 ам.доллар болсон. Энэ мэдээ байгалийн хийн зах зээлд ч нөлөөлсөн байна. Европт шатахууны жишиг үнэ 7.7 хувиар өсч, мегаватт цаг тутамд 39.04 ам.долларт хүрчээ.
Хусит бүлэглэлийнхний дайралт Израиль, Хамасын мөргөлдөөнөөс хойш илт олширсон. Зэвсэгт этгээдүүд энэхүү халдлагыг Израилийн эсрэг өшөө авалт гэж мэдэгджээ.
АНУ болон холбоотнууд Улаан тэнгист арилжааны хөлөг онгоцуудыг хамгаалахын тулд одоо байгаа тэнгисийн цэргийн багаа өргөжүүлэх эсэх талаар хэлэлцэж байна.
0 сэтгэгдэлтэй