728 x 90

Чехэд халдлага болж 15 хүн амиа алдаж, 24 хүн шархадсан учир гашуудлын өдөр болгон зарлажээ

Чехэд халдлага болж 15 хүн амиа алдаж, 24 хүн шархадсан учир гашуудлын өдөр болгон зарлажээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Прага хот дахь Карлын их сургуулийн байранд зэвсэгт халдлагад өртөн 15 хүн амиа алдсантай холбогдуулан 12 дугаар сарын 22-ны баасан гаргийг Чех улсад гашуудлын өдөр болгон зарласныг Ерөнхий сайд Петр Фиала мэдэгдэв.


Дээрх шийдвэрийг Чехийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан байна. Өчигдөр буюу пүрэв гарагт Карлын их сургуулийн философийн тэнхимийн Дэвид К. гэдэг 24 настай оюутан танхимд сууж байсан оюутнууд руу болон тухайн үед Ян Палахын талбайгаар их сургуулийн цонхны доогуур явж байсан хүмүүс рүү өөрөө сумлагддаг винтов буугаар гал нээсэн хэрэг гарчээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, хэргийн улмаас 15 хүн амиа алдаж, 24 хүн шархадсанаас 10-ынх нь биеийн байдал хүнд байна. Цагдаа нарын мэдээлснээр, Дэвид К. гэгч нь гэмт хэргийг хийхээр урьдаас зэхэж, хэргийг үйлдсэнийхээ дараа амиа хорложээ. Тэрбээр Карлын их сургуулийн философийн тэнхимийн Дэлхийн түүхийн хүрээлэнгийн оюутан байжээ.  Чехийн төрийн тэргүүн Петр Павел Францад хийж буй айлчлалаа зогсоож Прага руу буцжээ.


Тэрбээр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн, ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлэв. Мөн тэрбээр улс орны хэмжээнд олон нийтийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байгааг мэдэгдэж, үүссэн нөхцөл байдлыг болон хэргийн талаарх мэдээллийг зохисгүй байдлаар ашиглахгүй байхыг иргэдэд уриаллаа. Чех улсад галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг цөөн гардаг. Энэ удаагийн халдлага нь тус улсын сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн цуст хэрэг явдал байв. 2019 онд 42 настай нэгэн эрэгтэй Острава хотын эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөнд зургаан хүнийг буудаж, хэргийн газраас зугтаж, улмаар амиа хорлосон хэрэг гарсан байжээ. Мөн 2015 онд нэгэн эрэгтэй зоогийн газарт гал нээж, 8 хүнийг шархдуулаад дараа өөрийгөө буудаж хөнөөсөн байна. Карлын их сургууль нь Чех улсын дээд боловсролын гол байгууллага юм. Тус их сургуулийг 1348 онд эзэн хаан IV Карл байгуулсан бөгөөд одоо 50 мянга гаруй оюутан суралцаж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ