728 x 90

Дани улсын хатан хаан шинэ жилийн мэндчилгээ хүргэхдээ хаан ширээнээсээ буух шийдвэрийг зарлав

Дани улсын хатан хаан шинэ жилийн мэндчилгээ хүргэхдээ хаан ширээнээсээ буух шийдвэрийг зарлав
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Европын хаадаас хамгийн удаан засаглаж буй хаан болох Дани улсын хатан хаан Маргрет нэгдүгээр сарын 14-ний өдөр титмээ өөрийн ууган хүү, хунтайж Фредерикт шилжүүлэх болсныг Ням гарагт зарлажээ. Одоо 83 настай хатан хаан 1972 онд хаан ширээнд заларч, 5.9 сая хүн амтай Дани улсыг 52 жил захирсан юм. Телевизээр ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ хүргэхдээ хатан хаан шийдвэрээ зарласан нь гэнэтийн үйл явдал байлаа. Маргрет хаан өнгөрсөн хоёрдугаар сард нурууны хагалгаанд орсон нь амжилттай болсон юм. “Үүрэг хариуцлагыг хойч үедээ шилжүүлэх цаг ирсэн үү? гэсэн асуулт мэс засалд орсны дараа надад улам их тулгарах болсон. Ингээд би цаг нь болсон гэж үзлээ. Хайрт аавыгаа залгамжилснаас хойш 52 жилийн дараа би 2024 оны нэгдүгээр сарын 14-нд Данийн хаан ширээнээс буух болно. Хаан ширээг миний хүү, хунтайж Фредерик залгамжилна” гэж тэр хэлжээ.2022 оны есдүгээр сард Их Британийн хатан хаан Элизабет нас барсны дараа тэр Европын хамгийн удаан төр барьсан хаан болсон юм. Өнгөрсөн оны долдугаар сард тэр бас Дани улсын түүхэнд хамгийн удаан төрийн жолоог атгасан хаан болжээ. Дани улсын засаглалын эрх мэдэл парламент, засгийн газарт хуваагддаг. Хаан нь үндэстнийхээ эв нэгдлийг хангаж, уламжлалт ёслолын арга хэмжээнд болон гадаад төрийн айлчлалд улс орноо төлөөлдөг байна. Данийн ерөнхий сайд Метте Фредериксен өчигдөр олон жил үүргээ сайн гүйцэтгэсэн хатан хаанд талархал илэрхийлжээ. “Хаан ширээг шилжүүлэх цаг ирсэн гэдэгтэй эвлэрэхэд хэцүү байна. Хатан хаан Маргрет бол Дани улсын үлгэр жишээ бөгөөд олон жилийн турш биднийг ямар үндэстэн, ямар ард түмэн болохыг үг хэл, мэдрэмжээрээ илэрхийлсээр ирсэн хүн билээ” гэж Фредериксен хэлсэн байна.

1940 онд тухайн үеийн Данийн хаан IX Фредерикийн охин болон мэндэлсэн Маргрет археологийг шимтэн судлагч, хэд хэдэн удаагийн малтлагад оролцсон нэгэн юм. Тэрбээр Данийн үндсэн хуульд эмэгтэй залгамжлагчийг зөвшөөрсний дараа 1953 онд 31 насандаа хаан ширээг залгамжлах эрхтэй болж байжээ. 1967 онд тэр Францын дипломатч Анри де Лаборд де Монпезаттай гэрлэж, 2018 онд нас барах хүртэл нь хамт амьдарч байв.Хатан хаан Фредерик, Йоахим нэртэй хоёр хүүтэй бөгөөд тэдний ахмад нь одоо X Фредерик хаан болно. Фредерик 2004 онд Австралийн иргэн Мэри Элизабет Дональдсонтой гэрлэсэн юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ