Хүүхдийн эрхийн хэрэгжилт Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээ конвенцод нийцсэн эсэхэд дүн шинжилгээ хийж, Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн, олон улсын байгууллагаас санхүүжилттэй зарим байгууллагад хяналт шалгалт зохион байгуулан хүүхдийн эрх зөрчилтэй холбоотой мэдээллийг ХЭҮК-оос цуглуулж байгаа юм.
Уг асуудлаар Улаан-Уул сумын Засаг дарга, нийгмийн халамж хариуцсан ажилтан, ЕБС-ийн нийгмийн ажилтан зэрэг холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл цуглуулж, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллаад байна.
Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгыг шинэчлэх ажил 2013 онд эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад орохгүй гарсан. Энэ нь хүүхдийн сурч, боловсрох эрхийг зөрчиж байна гэх утгатай гомдол, мэдээлэл Комисст ирсэн.
Тус сумын Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр нь 1963-1988 оны хооронд ашиглалтад орсон нийт 5 барилга байгууламжтай. Хоёр ээлжээр 870 хүүхэд суралцдаг гэсэн байна.
Хяналт шалгалтын явцад сургуулийн хичээлийн болон дотуур байр стандартын шаардлага хангахгүй, сургалтын бүх өрөөг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын хичээлийн ширээ, сандал, самбар зэрэг наад захын хэрэглээ бүгд хуучирч муудаж, эвдэрсэн байсан нь сургуулийн барилга, дотуур байрыг нэн яаралтай шинээр барьж ашиглалтад оруулах шаардлагатайг илтгэж байна.
Дээрх хяналт шалгалтаас гадна Улаан-Уул сум дахь төрийн болон хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа албан хаагчид, иргэдэд шаардлагатай асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгуулах зэргээр ажиллалаа.
Тухайлбал, Хилийн цэргийн 257 дугаар ангийн ... дугаар заставын бие бүрэлдэхүүн, сумын төрийн албан хаагчид, иргэдэд хүний эрхийн ойлголт хөдөлмөрлөх эрхийн талаар сургалт нөлөөллийн ажил, зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллав.