УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс байгуулсан ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах түр хорооны явц ямар байгаа талаар ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл өглөө.
Ажлын хэсгийн явцын талаар АН-ын гишүүн Ц.Уянга "Ногоон автобусны худалдан авалттай холбоотой Ардчилсан намаас 2023 аравдугаар сарын 29-ээс хойш ажилласан. Энэ хугацаанд эрх бүхий албан тушаалтнуудаас мэдээлэл, бичиг баримтыг нэхсэн. Гэвч худалдан авалттай холбоотой бичиг баримтуудыг өгөхгүй байсан.
Ийм учраас УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс дэмжлэг авч 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд нийт УИХ-ын 25 гишүүний гарын үсэгтэй Хянан шалгах түр хороо байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барьсан.
УИХ-ын тухай хуульд заагдсанаар нэн яаралтай, хойшлуулшгүйгээр байгуулагдах ёстой эрх зүйн асуудлыг Г.Занданшатар хойшлуулж, Хянан шалгагч нарын мөрдөн шалгах ажиллагаа явуулах хугацааг уясан. МАН эрх барьж буй хугацаанд ногоон автобусны хулгайн асуудлыг илрүүлэхгүй байх бүх нөхцөлийг хангалаа. Хөгжлийн Банк болон Нүүрсний сонсголын цаана үр дүн гардаггүй.
Хил гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт, мөнгөн шилжүүлгийг шалгах ёстой. Гэтэл Д.Сумьяабазар хулгай хийгээгүй гэх найруулгаар сонсголыг хийгээд дуусгана. АТГ дээр шалгагдаж буй 25 хүн ногоон буюу 600 автобусны хэрэгтэй огт холбоогүй. Цахилгаан автобусны техникийн үзүүлэлт зөрсөн гэдэг асуудлаар шалгагдаж байгаа.
Үүгээр иргэдийг төөрөгдүүлж, 25 хүнийг шалгаж байгаа юм шиг тайлбарлаж буй хуулийн хулгайг УИХ-ын дарга хийж байна. Арваннэгдүгээр сарын 29-өөс өнөөдрийг хүртэл Хянан шалгах түр хорооны ажлын хэсгийг царцаасан нь асуудлыг замхруулах гэсэн санаатай үйлдэл.
Д.Сумьяабазар хотын дарга байх үеийн 135 тэрбум төгрөгийн зарцуулалтын асуудал эхлэхэд Х.Нямбаатар шалгуулах бус төсвийг хаасан. Дараагийн зарцуулалт руу орсон.
Гэтэл 135 тэрбум төгрөгийн зарцуулалтаар 50 ширхэг дунд оврын автобус ирсэн нь хаана байна вэ. Наймдугаар сард дунд оврын автобус оруулж ирсэн бол яагаад шугамд явахгүй байна.
Ажлын хэсгийн зүгээс УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ)-д гомдол гаргахаар болсон" гэв. Ажлын хэсгийн гишүүн Д.Монголхүү: Х.Нямбаатар хотын дарга болоод хоёр хоногийн дараа ногоон автобусны гэрээ бүрэн хангагдаад дууслаа гэсэн захирамж гаргаж гарын үсэг зурсан. 16.5 хувийн гүйцэтгэлтэй байсан ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй болгож хаасан. Ингэж хааж буйг хууль хяналтын байгууллагууд яагаад шалгахгүй байна вэ.
АТГ-ын шалгалтын талаар Ажлын хэсгийн гишүүн Л.Ганхөлөг "Ажлын хэсэг эцсийг нь хүртэл явж үр дүн гаргах ёстой гэж үзэж байгаа. Хамгийн ноцтой зөрчил бүхий албан бичгийг сугалж авч үлдээд байна.
Төсөвт суугдсан 318 тэрбум төгрөг маш олон хуулийн зөрчилтэйгөөр хулгайлагдсан. АТГ-т шалгагдаж буй 25 хүн дотор тухайн үеийн хотын дарга Д.Сумьяабазар, сайд Ж.Сүхбаатар нар байхгүй. Энэ хоёр нийлээд 135 тэрбум төгрөгийг байхгүй болгочихсон.
Дараа нь Х.Нямбаатар хотын дарга болоод үлдэгдэл 185 тэрбум төгрөгийг байхгүй болгож байгаа. Парк шинэчлэлийн тал мөнгөөр 600 ширхэг шинэ автобус авсан. Гэтэл 318 тэрбум төгрөгөөр 600 хуучин автобус авах гэж байсан. Х.Нямбаатар өмнөх хулгайг цайруулах, шинэ автобустай болгосон гэж нийгмийн сэтгэлзүйг өөрчлөхөөр хотын дарга болсон" хэмээн ярив.
0 сэтгэгдэлтэй