728 x 90

Ээлжит бус чуулган хуралдуулахаар болжээ

Ээлжит бус чуулган хуралдуулахаар болжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УИХ-ын намрын чуулганыг завсарлуулах үеэр зарим гишүүд ээлжит бус чуулган хуралдуулах нь зүйтэй гэсэн байр сурийг илэрхийлж байлаа. Үүний дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 5 буюу ирэх даваа гаригт хуралдуулахаар болжээ. Ээлжит бус чуулганаар Цагаан сарын өмнө иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны ногдол ашиг тараахтай холбогдуулан Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх юм байна.

Мөн нийслэлийн газар олголтын асуудлаар Түр хороо байгуулах саналыг Засгийн газраас УИХ-д хүргүүлэхээр болоод байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ тухай хэлэхдээ "Нийслэл хот маань дарьтай хот болж хувирсан байна. Энэ бүхний уг үндэс нь сүүлийн 20 жилийн газрын авлигын асуудал. Үүнээс болж өнөөдрийн Улаанбаатарыг хэн ч удирдаад асуудлыг шийдэх боломжгүй түвшинд тулсан байна. Тиймээс газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг зөвхөн Засгийн газрын хүрээнд биш УИХ-ын түвшинд хянан шалгаж, иргэд олон нийтийг мэдээллээр хангах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулж, Түр хороо байгуулж, миний бие ахалж ажиллах үүрэг чиглэл авлаа. Ээлжит бус чуулганаар Түр хороог байгуулах асуудал яригдах байх" гэсэн юм.

Түүнчлэн ээлжит бус чуулган хуралдуулсан тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн 2024 оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцэх шаардлагатай болсон. Учир нь, намрын чуулганыг завсарлуулсан өдөр Цэц Дунд суудлаа хуралдуулж иргэн С.Номынбаясгалангийн гаргасан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйл буюу нэр дэвшигчдэд тавих шаардлагад “Сүүлийн зургаан хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй” гэсэн заалтыг 2023 оны долоодугаар сарын 7-нд нэмсэн. Үндсэн хуулийн цэц уг заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзсэн. УИХ Цэцийн дүгнэлтийг чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш тав хоногт багтаан хэлэлцэн шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ