"Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна. Нэгийн даваанд Улсын арслан Ц.Содномдорж сумын заан Д.Цэрэннямд өвдөг шороодсон бол хоёрын даваанд Улсын арслан Р.Пүрэвдавга аймгийн арслан П.Алтанхуягт өвдөг шороодлоо.
Тус барилдааны нэгийн даваанд арслан Ц.Содномдорж, харцага Ш.Уламбаяр, Л.Лха-Очир тэргүүтэй улсын цолтой 16 бөх өвдөг шорооджээ. Түүнчлэн аймгийн хурц арслан цолтой 10 бөх тахим өгчээ. Бөх сонирхогчид улсын арслан Ц.Содномдорж, начин Б.Даваа-Очир, Ө.Батзул, Б.Түвшинтөгс нарыг дээгүүр даваанд гарч барилдана хэмээн таамаглаж байсан юм.
Түүнчлэн өчигдөр болсон “Дашчойлин” хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдааны их шөвөгт шалгарсан аймгийн хурц арслан М.Еркебулан, үзүүрлэсэн аймгийн хурц арслан О.Наранбаатар, түрүүлсэн аймгийн арслан Э.Мөнхжаргал нар нэгийн даваанд өвдөг шороодсон нь бөх сонирхогчдын тааврыг эвдсэн юм.