НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрбээр “НИТХ-аар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Энэ нь татвар нэмэх биш, бууруулах тухай юм. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг мөн батлуулах гэж байгаа. Аж ахуйн нэгжүүдтэй удаан хугацаанд хэлэлцээр хийсний үр дүнд шинээр орж ирсэн автобуснаас 350-ыг нь хувийн хэвшилд долоон жилийн хугацаанд лизингээр өгөхөөр болсон. Энэ дагуу баталгаа авч, сар болгон эргэн төлөлтийн хувь хэмжээг тохироод явж байна. Журмыг батлуулж чадвал, энэ жил саарал автобуснаас эргэн төлөлт болох 25 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. Дараа жил мөн энэ хэмжээний мөнгө төвлөрүүлнэ. Цаашид энэ сангаасаа автобус худалдаж авдаг болох юм.
Улаанбаатар хотод дугаар олголт хязгаарлачихаад орон нутгийн автомашинууд чөлөөтэй зорчоод байвал дугаар хязгаарласны үр дүн гарахгүй. Тиймээс орон нутгийн автомашинууд 48 цаг дотроо хэвийн зорчоод, 48 цагаас хэтэрвэл хоногийн 5000 төгрөгийг зам ашигласны төлбөрт төлнө. Мөн Улаанбаатар хотын захын гурван цэгт орон нутгаас ирж буй автомашинуудад зориулсан үнэгүй зогсоол байгуулж, тус чиглэлүүдэд нийтийн тээвэр явуулах юм. Тухайн зогсоолуудад машинаа байрлуулаад хот руу орж ирэх сонголт бий болгож байгаа. Зам дээр автомашинууд багтахаа больж байна. Үүний хязгаарыг тогтоосныхоо дараа авто замын сүлжээг нэмэгдүүлэх, холбох гэх мэт арга хэмжээг авах шаардлагатай. Түгжрэлийн асуудлаа шийдсэн улс орнууд энэ мэт л хүнд шийдвэрүүдийг гаргах замаар явсан. Лондон хот төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийхэд маш том бослого гарч байсан ч асуудал нь шийдэгдсэн. Тэгэхээр бид том хотод тулгамддаг асуудлуудтай тулгарч байна. Тиймээс асуудлаас зугтаж, халшрах бус, нүүр тулан шийдвэрлэхээс өөр аргагүй гэлээ.