Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чиннаватыг эх орондоо эргэн ирснээс нь хойш зургаан сарын дараа буюу өнөөдөр тэнсэн суллав.
Түүний суусан машин орон нутгийн цагаар 06:06 цагт Бангкок хотын цагдаагийн эмнэлгээс хөдөлжээ. Тэрбээр уг эмнэлэгт эмнэлэгт эмчлүүлж, өөрт нь оноосон нэг жилийн хорих ялын зургаан сарыг эдэлсэн байна. Т.Чиннаватыг тэнсэн суллах нь хуульд нийцэж байгаа гэж Тайландын Ерөнхий сайд Сретта Тависин өмнө нь мэдэгдсэн юм. Тус улсын Хууль зүйн яамны мэдээлснээр, өдгөө 74 настай Ерөнхий сайд асан энэ сард тэнсэн суллахыг зөвшөөрсөн 930 хоригдлын тоонд багтжээ. Тэрбээр 70 гаруй настай, хүнд өвчтэй тул хугацаанаасаа өмнө суллагдах боломжтой байна. Т.Чиннават эх орноосоо дүрвэн гарснаасаа хойш 15 гаруй жилийн дараа өнгөрсөн оны наймдугаар сард буцаж ирсэн боловч тэр даруй баривчлагдаж, хэд хэдэн хэргээр найман жилийн хорих ял сонссон юм.
Гэвч хоригдсоных нь дараахан түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар Бангкокийн шоронгоос эмнэлэгт шилжүүлжээ. Өнгөрсөн есдүгээр сард Тайландын хаан Маха Важиралонгкорн түүний өршөөл хүссэн хүсэлтийг нь харгалзан найман жилийн хорих ялыг нь нэг жил болгон бууруулсан байна. Т.Чиннават 2001-2006 онд Зүүн Өмнөд Азийн улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан бөгөөд 2008 онд хилийн чанадад дүрвэж байсан юм.