УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Сүүлийн жилүүдэд Монголын ХАА-н салбарт аргацаасан бодлогууд асар их явснаас болж аливаа эрсдэлд бэлтгэлгүй нөхцөл байдалд ирж байна. Яг одоогийн цаг агаарын байдал Монголын малчдаас авч байгаа шалгалт биш Монголын төрөөс авч байгаа шалгалт. Бид бэлэн байгаа эсэхээ шалгуулж, унаж байна. Сонгуулийн санал авахын тулд маргаашийг биш зөвхөн өнөөдрийг харж, аргацааж ирсний хар гай өнөөдөр тулгарч байна.
Улаанбаатар хотын иргэдийг махаар хангахын тулд махны үнийг барьж, экспортод гаргах боломжуудыг хааж, малчдыг орлогогүй болгосон. Малчид орлогогүйгээс хашаа хороо, өвс тэжээлээ хангаж чадахгүй байна. Монголын мал аж ахуйн салбарт урт хугацаанд бодлогын том өөрчлөлт хийхийг өнөөдрийн нөхцөл байдал шаардаж байна. Аль ч салбарт эрсдэл гардаг. Үүний цаана даатгалын тогтолцоо байдаг. Монголын МАА-н салбарт даатгалын тогтолцоо алга, орлого олдог боломжуудыг бүгдийг нь хааж боомилсон” гэсэн байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Бид нөхцөл байдлыг, бэлтгэл хангахыг хэлж, үглээд дөрвөн сар боллоо. Энэ хооронд хуруу байтугай хумсаа ч хөдөлгөсөнгүй. Өнгөрсөн хойно нь хашгирч, онцгой байдал зарлаж байна. Мал үхэж, үхээд дуусах болж байхад улс төрийн шинжтэй арга хэмжээ авч, хэдэн сайд нар хивэг тарааж, матрын нулимс унагаж байна. Улсын хэмжээнд 600 гаруй мянган мал хорогдлоо гэж ичихгүй худлаа ярьж байна. Зөвхөн зүүн бүсэд 2 сая гаруй мал хорогдоод байна. Малчдын төлөө биш сонгуулийн зургаан бүс руу улстөрчид нь очиж байна. Ажил хийдэг хүн нь очихгүй байна. УИХ, Засгийн газрын бодлого малчдын эсрэг байна. Махны үнийг өсгөхгүйгээр барьдаг. Малын үнэ өсөхгүй бол малчид өвсөө юугаар авах юм бэ.
АН-ыг, ард иргэдийг үг хэлэхээр нохой хуцсан чинээ тоодоггүй. Хавар сонгууль болно. Хэдэн ногоон машинд жаахан хивэг ачиж аваачиж өгч байна. Тэртээ тэргүй турж, хэзээ мөдгүй үхэхэд бэлэн байгаа малд хивэг нэмэргүй. 11 дүгээр сард отрын штаб байгуулсан бол өнөөдөр ийм хэмжээний хохирол амсахгүй байсан. гэв
0 сэтгэгдэлтэй