Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын цалин 5.1 сая төгрөг, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдынх 1.4 сая төгрөг байна. 2023 оны IV улирлын байдлаар улсын дундаж сарын цалин 2.23 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 27.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Сарын цалингийн индекс өнгөрсөн оны сүүлийн улиралд 2015 оноос 2.5 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс буюу инфляцад харьцуулсан үзүүлэлт 59 хувиар өсжээ. Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг байгаа бол зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдынх хамгийн бага буюу 1.4 сая төгрөг байна. Түүнчлэн ажиллагчдын сарын дундаж цалин тухайн байгууллагын ажилтнуудын тооноос шууд хамаарч байгаа аж. Өөрөөр хэлбэл ажиллагчдын тооны бүлэг ахих тутам сарын дундаж цалин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Харин эдийн засаг долоон хувиар өссөн 2023 онд өрхийн сарын дундаж нийт орлого өмнөх оны мөн үеэс 23.8 хувиар нэмэгдэж, 2.3 сая төгрөг болсон ч инфляцын нөлөөллийг арилгасан бодит орлогыг тооцож үзвэл 1.3 сая төгрөг байгаа юм. Өөрөөр хэлбэл бараг 25 сарын турш 10 болон түүнээс дээш хувьд хадгалагдсан инфляцын нөлөөгөөр өрхийн нэрлэсэн болон бодит орлогын зөрүү 963 мянган төгрөг хүрчээ.
“Эдийн засгийн өсөлтийг хэнд чиглүүлэх вэ, хэрхэн тогтвортой болгох вэ гэдэг нь өсөлт хэдэн хувьтай гарахаас илүү чухал асуудал болоод байна” хэмээн Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан онцолж байсан юм. Үүнээс гадна ирэх дөрөвдүгээр сараас Төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Хэдийгээр инфляц алгуур буурах хандлага үргэлжлэх боловч эдийн засгийн идэвхжил, төсвийн зардал зэргийн нөлөөгөөр эрэлтийн шалтгаантай инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэхээр байгааг Монголбанк онцолж байсан юм.
0 сэтгэгдэлтэй