Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ Хөрөнгийн биржийг олон нийтийн болгож, ирэх долоо хоногийн даваа гарагт хувьцаагаа арилжаална гэж хэлэв. Тэрбээр "Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох шийдвэр саяхан гарсан. Хөрөнгийн бирж төрийн өмчит компаниудыг түүчээлж, хувьцаагаа гаргахаар болж байна. Ингэснээр засаглалын хувьд ил тод болно. Түүнчлэн хөрөнгийн зах зээл эрчимжиж байгаа энэ үед Монголын Хөрөнгийн бирж төрийн өмчитөөс 100 хувь олон нийтийн хэлбэр лүү шилжиж байна. Энэ нь олон улсын стандартад нийцэж буй томоохон үйл явдал.
Манай хувьцаа хэд хэдэн онцлогтой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нэг этгээд болон түүний харилцан хамаарал бүхий этгээд тухайн компани төрийн өмчитөөс олон нийтийн хэлбэр лүү шилжихэд 5-аас дээш хувийг эзэмших боломжгүй. Түүнчлэн улс төрийн харилцан хамаарал бүхий этгээд хувьцаа эзэмших боломжгүй юм. Тэгэхээр Монголын Хөрөнгийн бирж улс төрийн ямар нэг нөлөөнөөс ангид байхын зэрэгцээ аль нэг компани дангаараа хувьцааг нь эзэмшинэ гэх эрсдэлгүй. Жинхэнэ утгаараа, олон нийтийн хяналтад шилжих эхлэл болж байна” гэв.
0 сэтгэгдэлтэй