728 x 90

Ч.Шинэцэцэг: Гүйлтийн төрлөөр 800, 1500, 3000 метрт улсын рекорд эзэмшдэг намайг олимпын эрх олгох тэмцээнд хувийн зардлаараа оролцох хүсэлт гаргасан ч хүлээж авахгүй байна

Ч.Шинэцэцэг: Гүйлтийн төрлөөр 800, 1500, 3000 метрт улсын рекорд эзэмшдэг намайг олимпын эрх олгох тэмцээнд хувийн зардлаараа оролцох хүсэлт гаргасан ч хүлээж авахгүй байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Марафон гүйгч Ч.Шинэцэцэг  Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Амгалан болон шигшээгийн дасгалжуулагч А.Гантулга нарт гомдолтой байна. Тодруулбал тэр "Парис 2024" олимпын наадмын эрх олгох хоёр ч тэмцээнд бүртгүүлээгүй, учрыг нь асуухаар ямар нэг хариулт өгдөггүй талаар ярьсан юм.

Тэрбээр ярихдаа "Олимпод оролцохын тулд эрх олгох тэмцээнд холбооноос бүртгүүлж оролцох ёстой. Энд тэмцээнд норматив биелүүлж байж олимпод явах эрхээ авах юм. Миний хувьд улсаас нэг ч төгрөг гуйгаагүй. Хувийн зардлаар тэмцээнд оролцъё, зөвхөн бүртгэлд хамруулж өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа холбоондоо тавьсан боловч гуравдугаар сарын 31-нд болох олимпын эрх олгох тэмцээний бүртгэлд ороогүй. Ирэх дөрөвдүгээр сарын 21-нд болох олимпын эрх олгох тэмцээнд бүртгүүлж өгөөч гэдэг хүсэлт тавьсан боловч ямар нэг хариу өгөөгүй байна. Уг нь тэмцээнд бүртгүүлнэ гэж бичиг баримт хурааж авсан боловч бүртгүүлээгүйд нь гайхсан.

Манай холбооноос шигшээ багт тамирчин болон дасгалжуулагчийг ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүй, шударга бусаар сонгосон. Уг нь Монгол Улс хуультай, Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнэгийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулж авна гээд цагаан дээр хараар бичсэн тушаал бий. Гэтэл манай холбоо энэ шийдвэрийг биелүүлээгүй. Тамирчид дунд сорилт тэмцээн ч болоогүй. Үүний уршгаар олимпын эрх олгох хоёр тэмцээнд оролцож чадсангүй. Дараагийн тэмцээнд ч оролцох эсэх нь тодорхойгүй байдалтай байна. Би хөнгөн атлетикийн спортоор 24 жил тасралтгүй хичээллэсэн. Гүйлтийн төрлөөр 800, 1500, 3000 метрт улсын рекорд эзэмшдэг. Хэт холын марафон гүйлтээр 2015 оноос хойш хичээллэж яваа хүн. Дундын зайд улсын аваргад 52 удаа түрүүлсэн. Олимпод оролцохын тулд дотооддоо сорилго тэмцээн хийхэд миний бие сайн уралдаж, олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан. Гэвч эрх мэдэлтэй цөөн бүлэг хүмүүсийн ойлгомжгүй байдлын үр дүнд олимпын эрхийн тэмцээндээ оролцох эсэх нь тодорхойгүй байгаад гомдолтой байна. Энэ зөвхөн миний ч асуудал биш. Манай хөнгөн атлетикийн холбоонд эрх нь зөрчигдөж буй олон тамирчин бий. Бусад тамирчид маань ингэж олны өмнө гарч ирдэггүй, дотроо хэрүүлтэй явж ирсэн. Энэ тамирчдаа төлөөлж сэтгүүлчдэд мэдээлэл өгч буй юм. Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн ирэх тавдугаар сарын 5-нд болно. Үлдэж буй хоёр тэмцээнд л оролцож чадахгүй бол олимпод явах боломжгүй болох юм" гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ