728 x 90

“Либертари” намын 801 гишүүний бүртгэлд Д.Амартүвшингийн өөрийнх нь нэр байгаагүй

“Либертари” намын 801 гишүүний бүртгэлд Д.Амартүвшингийн өөрийнх нь нэр байгаагүй
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Иргэн Д.Амартүвшингээс олон нийтийн сүлжээгээр “… Улсын дээд шүүх Либертари намыг бүртгэх хүсэл сонирхолгүй байна, … сонгуулийн өмнө бүртгэхгүй гэсэн, … хуульд нийцэхгүй журам баталж өргөдөл буцаасан” гэх агуулгатай мэдээллийг түгээжээ. Энэ нь үндэслэлгүй талаар Улсын Дээд шүүхээс дараах мэдээллийг гаргасан байна.

Иргэн Д.Амартүвшингээс “Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” өргөдлийг анх 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн. Өргөдөлд хавсарган ирүүлсэн баримтуудыг шалгах явцад хуулийн этгээдийн нэр баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн заалт болон 801 гишүүний мэдээлэл ирүүлэх шаардлагыг зөрчсөн, холбогдох зарим баримтыг хавсаргаж ирүүлээгүй зөрчил тогтоогдож, энэ талаар өргөдөл гаргагчид нэг бүрчлэн тодорхой мэдэгдсэн хариу хүргүүлжээ.


Үүний дараа Д.Амартүвшингээс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өргөдөл дахин ирүүлсэн. Ингэхдээ шинээр үүсгэн байгуулагдаж буй Либертари намыг “ашгийн төлөө, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр байгуулагдсан” гэж тодорхойлсон. Харин тус намыг үүсгэн байгуулах хуралд хэдэн төлөөлөгч оролцсон нь тодорхойгүй, энэ талаар ирүүлсэн баримтууд нь зөрүүтэй, санал хураалтын дүнг баталгаажуулсан гэх Тооллогын комиссын шийдвэр ирүүлээгүй, 801 гишүүний бүртгэлд Либертари намыг үүсгэн байгуулагч гэх Д.Амартүвшингийн өөрийнх нь нэр байхгүй.


Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулиар тусгайлан шаардсан зарим нөхцөлийг хэрхэн хангасан талаар баримтууд ирүүлээгүй, тухайлбал намд элссэн гэх гишүүд нь өөр намын гишүүнчлэлтэй эсэх талаарх нотломж байхгүй. Орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоог хэрхэн хангасан нь тодорхойгүй, намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байх хууль ёсны хаягийг нотолсон засаг захиргааны тодорхойлолтыг ирүүлээгүй байсан тул өргөдөл гаргагч Д.Амартүвшинд баримт бичгийн бүрдлийг хангаж ирүүлэх хугацаа тогтоож өргөдлийг буцаасан.


Үүний дагуу 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин өргөдөл материалаа ирүүлсэн, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас шалгаж ирүүлсэн баримтаар тус намын гишүүн гэх 801 иргэний 245 иргэний мэдээлэл нь зөрчилтэй /овог нэр, регистрийн дугаар зэрэг үндсэн мэдээллүүд зөрүүтэй/, нэг хүнийг хоёр удаа бүртгэсэн, нэг регистрийн дугаартай хэд хэдэн өөр хүний бүртгэл хийгдэж нотломж ирүүлсэн зэрэг зөрчилтэй байв.


Түүнчлэн “өөр намын гишүүнчлэлгүй” гэж нотломж гаргасан зарим хүний нэрс нь 801 гишүүний бүртгэлийн жагсаалтад байхгүй, нам үүсгэн байгуулах хуралдаанд оролцсон гэх зарим гишүүний нэрс тухайн намын 801 гишүүний бүртгэлд байхгүй зэргээр ирүүлсэн баримтын үнэн зөв нотлогдохгүй байсан тул эдгээр үндэслэлүүдийг зааж мөн өргөдлийг буцаажээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ