Дарьгангад түймэр тавьсан иргэнийг шалгаж байна
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг, Шовдол гэх газарт энэ сарын 4-ний 13.00 цагийн үед хээрийн түймэр гарч, онцгой байдлын болон хилийн цэргийн алба хаагчид орон нутгийн иргэд хамтран 18.00 цагийн үед унтраажээ.
Уг түймэр гарсан шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой байсан аж. Бидний авсан мэдээллээр тус сумын иргэн 33 настай Б.Ж гэх залуу гэрийнхээ гадаа хог шатааж байгаад гал алдсан байна.
Үүний улмаас нийт 67.5 орчим га газар шатсан хэмээн хууль сахиулах байгууллагынхан урьдчилсан байдлаар дүгнэсэн бөгөөд өдгөө эл хэргийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрынхан Эрүүгийн хуулийн 24.7-1 дэх хэсэгт заасан "Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч, их хэмжээний хохирол учирсан" гэх заалтын дагуу мөрдөн шалгаж эхэлжээ.