2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий таван Ажлын хэсэг ажиллаж буй. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг БЗД-ийн 17-р хороо, Шар хад, Да хүрээ зах орчимд ажиллалаа.Тус Ажлын хэсэг өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг хийн, энэ сарын 10-ны өдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн юм.
Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байсан ААН-ийн зөрчлийг илрүүлж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тодруулбал, Да хүрээ захын орчимд үйл ажиллагаа явуулдаг “Мануул Трэйвэл” ХХК нь эзэмшлийн газраасаа 1629 м.кв газрыг хэтрүүлэн хашаалж, уг хэсэгт төлбөртэй зогсоол ажиллуулж байжээ. Өнөөдрөөс хашааг буулгаж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн юм.Мөн “Да хүрээ Трейд” ХХК нь эзэмшлийн газраасаа 496 м.кв газрыг хэтрүүлэн хашаалсан байсныг илрүүлсэн юм. Тус компани хэтрүүлэн хашаалсан газарт контейнер байршуулж, иргэдэд түрээсэлдэг байжээ. Тус талбайг чөлөөлөх ажлыг энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар контейнер зөөх, талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Түүнчлэн Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашааг буулгалаа.