Дэлхийгээс хамгийн алс хол зайд хүрээд буй хүний гараар бүтсэн техник бол 46 жилийн настай Voyager 1 хөлөг юм. Уг хөлөг одоо дэлхийгээс 24 тэрбум километрийн алсад аялж яваа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Voyager 1 хөлгөөс ирдэг тоон мэдээлэл эвдэрч, ойлгогдохгүй болсон тухай NASA мэдээлж байжээ. Тэгвэл таван сар орчим хугацаанд ажилласны үр дүнд мэргэжилтнүүд хөлөгтэй дахин хэвийн холбоо тогтоож чадсанаа өчигдөр мэдээлсэн байна. Эхний ээлжид хөлгийн системийн төлөв байдлын талаар мэдээлэл хүлээж авдаг болсон бол удахгүй шинжлэх ухааны судалгааны мэдээллүүдийг мөн хүлээж авдаг болох гэж байгааг NASA мэдээлжээ.Voyager 1 хөлгийн дэлхий рүү илгээх мэдээллийг кодлох үүрэгтэй программ бүхий чип эвдэрснээс гэмтэл гарсныг мэргэжилтнүүд тогтоосон байна. Алс зайд байгаа чипийг солих боломжгүй тул тэд өөр бүтээлч санааны эрэл хайгуулд гарчээ. Ингээд хөлгийн санах ойн өөр хэсэгт программыг шилжүүлж ажиллуулах арга олсон байна. Системийн ажиллагааг засварлах командыг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр дэлхийгээс илгээжээ. Радио долгион дэлхийгээс Voyager 1 хөлөгт хүрэхэд 22.5 цаг зарцуулдаг бол хариу нь буцаж ирэхдээ мөн адил хугацаа зарцуулдаг юм байна. Ингээд дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Voyager 1 хөлгөөс зөв мэдээлэл ирж эхэлсэн нь хөлгийн систем засагдсаны баталгаа болжээ. “1977 онд үйлдвэрлэгдсэн машины компьютерын чип эвдэрсэн гэж төсөөлөөд үз. Энэ машин биднээс 24 тэрбум километрийн алсад буюу од хоорондын орон зайд байгааг бас төсөөлөөд үз. NASA-гийн Voyager 1 хөлгийн гэмтлийг программ хангамжийн энэ гайхалтай баг засаж чадлаа” гэж Канадын сансрын нисгэгч асан Крис Хэдфилд Х хуудсандаа бахархан бичсэн байна.
0 сэтгэгдэлтэй