Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор гүйцэтгэх захирлаас бусад 88 ажлын байрны сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарласан. Бүртгэл 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 16-ныг хүртэл e-tanhim.gov.mn сайтаар явагдана. “Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50-иас дээш хувийн хувьцааг эзэмшдэг. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аар дамжуулан эзэмшдэг, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд удирдлагаар ханган ажиллаж байна. Харьяа болон охин компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зорилготой компани юм. “Эрдэнэс Монгол” компанийг шинэчлэн зохион байгуулж групп, нэгдлийн хэлбэрээр ажиллуулахтай холбогдуулан 2022 оноос Монгол Улсын томоохон үйлдвэрүүд болох “Эрдэнэт” болон “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг тус компанийн харьяанд шилжүүлэн ажиллуулж эхлээд байна. Бид дараах “Нээлттэй ажлын байр”-ыг зарлаж, Танд ажлын таатай орчин нөхцөл, өрсөлдөхүйц цалинг санал болгож байна. Ажлын байр тус бүр дэх сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг Иргэдийн цахим оролцоо e-tanhim.gov.mn сайтаас үзэх боломжтой.
Шалгалт: 2023.01.26 – 2023.01.28-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулагдана.
Ярилцлага: 2023.01.30–2023.02.01- ний өдрүүдэд танхимаар зохион байгуулагдана.
Санал, хүсэлт, тодруулах зүйлс байвал Та Засгийн газрын Олон нийттэй харилцах 11-11 төв, “Эрдэнэс Монгол” ХХК-ний 75553399-223 утсаар хандах боломжтой.
Эрдэнэс Монгол ХХК нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниуд дотроо хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх томоохон аж ахуйн нэгж учир өндөр цалинтай байгууллага байх юм. Тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр цалинг 4 үе шаттай олгохоор болсон хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан шинэ оны өмнөхөн танилцуулсан билээ.
- Ахлах менежер буюу хуучнаар газрын дарга- 9-12 сая төгрөг
- Менежер- 6.5-8.5 сая төгрөг
- Ахлах мэргэжилтэн- 4-6 сая төгрөг
- Мэргэжилтэн- 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарсан юм.