"Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийн зүй бус авирлаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэрбээр хоёрдугаар сарын сүүлээр Макаод байгаа зураг, бичлэгийг өөрийн цахим хуудастаа нийтэлж байжээ. Харин одоо Хонг Конгд байгаа юм байна.
Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод суух Ерөнхий консул "БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн Ванчай дүүргийн Цагдаагийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өглөө 09.00 цагийн орчимд тус Ерөнхий консулын газрын суурин утас уруу холбогдож, өөрийгөө Монгол Улсын иргэн гэх бичиг баримтгүй нэгэн гудамжинд биеэ авч явах чадваргүй байдалтай байгаа талаар хэлээд орчуулгын дэмжлэг хүссэн.
Нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзэхэд тухайн иргэн гүн согтолттой, харилцах боломжгүй байсан тул Хонконгийн Ванчай дүүргийн Цагдаагийн газарт хүргэгдсэн. Мөн өдрийн үдээс хойш түүнийг Ерөнхий консулын газарт авчирч ярилцахад 2024 оны 4 дүгээр сарын 14-15-ны шилжих шөнө гадуур явах үедээ гар утас, гадаад паспорт, банкны карттай жижиг цүнхээ үрэгдүүлсэн гэж мэдүүлсэн байна. Улмаар түүний үрэгдүүлсэн эд зүйлийг Хонконгийн Ванчай дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж, ар гэртэй нь холбоо барьж амьжиргааны мөнгөтэй залгуулжээ. Энэ хугацаанд ЕКГ-ын зүгээс түүнтэй дөрвөн удаа уулзаж, нийт 2800 хонконг доллар буюу 1 сая 200 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн бөгөөд тэрээр нутаг буцах хүсэлгүй байгаа тул буцах үнэмлэх авахаас татгалзсаар гэх мэдээлэл гарсан. Түүнчлэн өдөр бүр түүний төрсөн дүүтэй холбогдож байна. Ар гэрт нь зөвлөсний дагуу өнөөдөр (2024.04.25) түүний төрсөн дүү, найз нар нь ирж авсан байна. Тэрбээр 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-ын Жухай хотоос Хонконгийн хилээр нэвтэрсэн бөгөөд ирэх 26-ны өдөр Хонконгт визгүй зорчих 14 хоногийн хугацаа нь дуусах юм байна.