Вьетнамын шүүх өчигдөр шингэн хүнсний томоохон компанийн эзнийг $40 саяын луйврын хэрэгт буруутгаж, найман жилийн хорих ял оноожээ. Тус улсын эрх баригчид авлигатай тэмцэх аяны хүрээнд 4,400 гаруй хүнийг шийтгээд байгаагийн дотор төрийн өндөр албан тушаалтнууд, том бизнесмэнүүд багтаж байна. Хо Ши Мин хотын шүүх Чан Кви Тан болон түүний хоёр охиныг 2019, 2020 онуудад зээл авахдаа үгсэн хуйвалдаж, хөрөнгө оруулагчдыг луйвардсан гэж дүгнэжээ.
71 настай Чан Кви Тан нь савласан цайнаас эхлээд энергийн ундаа хүртэл төрөл бүрийн шингэн хүнс үйлдвэрлэдэг “Tan Hiep Phat” компанийн ерөнхийлөгч юм.Тус компани салбартаа хамгийн том тоглогчдын нэгд тооцогддог. Шүүх өчигдөр компанийн дэд захирлаар ажилладаг Чаны 43 настай охинд дөрвөн жилийн хорих ял, 40 настай бага охинд нь гурван жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Чан Кви Тан шүүх хурлын үеэр болсон явдалд харамсаж, хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр санхүүгийн луйвар, авлигын хэргээр шийтгүүлсэн Вьетнамын томоохон бизнесмэнүүдийн сүүлийнх нь болж байгаа юм. Энэ сарын эхээр $27 тэрбумын хохирол учруулсан үл хөдлөх хөрөнгийн томоохон бизнес эрхлэгч Чуон Ми Лан шүүхээс цаазын ял сонсож байв. Уг хэрэгт өөр 85 хүн шийтгүүлсний дотор банкны болон төрийн өндөр албан тушаалтнууд багтсан юм. Гуравдугаар сард Ханой хотын шүүх $355 саяын бондын луйвраар олон мянган хөрөнгө оруулагчдыг хохироосон тансаг ангиллын үл хөдлөх хөрөнгийн компанийн эзэн До Ан Дунд найман жилийн хорих ял оноож байв.Түүний хүү бас гурван жилийн хорих ял сонссон юм.Дун учруулсан бүх хохирлоо төлж барагдуулсныг Вьетнамын төрийн төв хэвлэл сүүлд мэдээлж байжээ.
0 сэтгэгдэлтэй