Хотын дарга Х.Нямбаатар "Эрэл" компанийн эзэмшил газрыг хүчээр чөлөөлөх үүрэг өгсөн. Үүнтэй холбогдуулан "Эрэл" группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат хотын даргын шийдвэрийг эсэргүүцэж, Үндэсний мэдээллийн төвд ө хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тэрбээр "Миний сүүлийн 40 жилийн ажил, амьдралын талаар хотын Х.Нямбаатар дүгнэж ярилаа. Шүүхийн шийдвэр гарсан байхад зам, газар яагаад чөлөөлдөггүй юм гэсэн. Үндсэн хуулиар хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулаад, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл эдийн засаг гэж ярьдаг.
Чөлөөт зах зээлийн амин сүнс өмчийн бүх хэлбэрийг Үндсэн хуулиар хамгаалсан. Хувийн өмчийг хуулиар хамгаалсан тогтолцоонд Монголын ард түмэнд ажиллаж амьдарч байна. Байж болохгүй нэг зүйл нь Шударга ёсны буюу Хууль зүйн сайд байсан хүн хотын даргаар оччихоод хууль зөрчиж, хүний хувийн өмч буюу "Эрэл"-ийг буулгана. Мөнхбаатар нарын хоёр хүнд өнөөдөр үүрэг өгч, техниктэйгээ буулга нураа, маргааш нь би очиж шалгана гэсэн. Гэмт хэрэг үйлд, хүний хувийн өмчийг нураачих, би очиж шалгана гэж мафын эзэн хүн шиг ичгүүр сонжоогүйгээр улс орон даяар зарлаж байна. Өөрийнхөө цахим хаяг дээр тавьсан. Ганцхан "Эрэл" компанийн Б.Эрдэнэбат гэх хүний нэр хүнд биш. Тэр компанид ажиллаж буй олон хүний нэр хүнд, үйл ажиллагаанд хандсан, маш ноцтой байж болшгүй зүйл. Чөлөөлөх гэж буй газартай холбоотой гарсан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар тэрбээр "2023 оны долдугаар сарын 24-ний өдөр газар чөлөөлөх нийслэлийн Засаг даргын захирамжийг шүүх хууль зөрчжээ гээд хүчингүй болгосон.
Үүнийг үндэслэж анхан шатны шүүх дээр эцсийн шийдвэр гартал үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн захирамж гарсан. Аль нэгэн тал шүүхийн эцсийн шийдвэр гартал үйл ажиллагаа явуулахгүй. Гэтэл өөрөө үүнийг зөрчиж, үүрэг өгсөн. Хэвлэлийн хурал эхэлж байгаатай холбогдуулан техникүүдээ авч очсон. "Тотал инж" гэх компани тендерт шалгарсан юм байна. "Тотал инж" гэх компани нь Яармагаас хойшоо ТЭЦ 4-рүү явдаг гүүр, манай хойд талын Говийн гүүр замын тендерт шалгарсан. Энэ компани тэдний үгээр бидний өмч хөрөнгийг эвдэх эрхгүй. 1961 онд манай үйлдвэр барьж байгуулагдахад бүх тоног төхөөрөмж тэр төмөр замаар ачигдаж ирсэн. Тэр төмөр зам нь "Эрэл" компанийн өмч гэх үл хөдлөхийн гэрчилгээтэй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй өмчийг Засаг дарга шууд үүрэг өгөөд хүнээр эвдүүлж байна.Энэ бол гэмт хэрэг" хэмээн тайлбарлав.
Мөн Хотын дарга Х.Нямбаатарын мэдэгдэл улс төржсөн гэж би үзсэн. Харьцангуй залуу хүн ийм муйхар мэдэгдэл хийж, хууль зөрчиж хувийн өмчийг булаан авч байна. Ийм үйл ажиллагаа цаашдаа яагаад ч жишиг болж болохгүй. Х.Нямбаатар дарга уучлалт гуйж, үйл ажиллагаагаа таслан зогсоох байх. Төв цэнгэлдэхийг тойрсон бүх газрыг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат авсан гэж ярилаа. Надад тэнд барьсан, байгуулсан нэг ч амбаар байхгүй. Төв цэнгэлдэхийг тойроод хэн тэр их барилга барьсныг ард түмэн мэдэж байгаа. Иймэрхүү ор үндэсгүй байдлаар гүтгэлээ.Мөн надад зүүн дөрвөн замын эргэн тойронд авсан нэг ч газар байхгүй. Үүнийг нотлох баримттай нь гаргах ёстой. Хэрэв уучлалт гуйхгүй бол холбогдох хууль хяналтын байгууллагад албан тушаалаа ашиглаж, хүнийг нэр төрд халдсан гүтгэлэг явуулсан талаар шалгуулна" гэв.
0 сэтгэгдэлтэй