Олон улсын нохой судлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “World dog show 2024” Хорватын нийслэл Загреб хотод болжээ.
Уг тэмцээнээр монгол банхар анх удаа дэлхийн тавцанд өрсөлдөн тэргүүн байр эзэлсэн байна.
Тэмцээнд оролцох нохдын ажлын чиглэл, үүрэг зориулалтаар 10 группт ангилдаг бөгөөд дэлхийд бүртгэгдээгүй ч бүртгүүлэхээр төлөвлөж байгаа үүлдрийн нохдыг 11-р группт тооцон өрсөлдүүлдэг байна. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд 98 улсын 376 үүлдрийн 18350 нохой оролцсон бөгөөд Монголоос улсын аварга цолтой Хангарьд, Толигор, Гүен дуудлагатай гурван нохой өрсөлджээ. Үүнээс Шандын харуул Хангарьд дуудлагатай нохой 11 дүгээр группт өрсөлдөн 18 үүлдрийн нохдоос тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсон байна. Харин Гүен, Толигор нар Хорватын аваргаар тодорчээ.Монгол банхар “World Dog Show 2024” тэмцээнд оролцсоноор цаашдаа 2025 онд тус үүлдрийг Олон улсын нохой судлалын холбоонд бүртгүүлэх хүсэлт гаргахад том нөлөө үзүүлэх аж.
Сонирхуулахад, Олон улсын нохой судлалын холбоонд нийт 367 үүлдэр албан ёсоор бүртгэлтэй байдаг.
0 сэтгэгдэлтэй