Манай улсын шилдэг триатлонч Ганбаатарын Амарсанаа 5-р сарын 5-нд Британийн Их сургууль, коллежийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 1 цаг 2 минут 27,6 секундын амжилтаар 451 тамирчнаас 62 дугаарт оржээ. Энэхүү тэмцээн нь бассейнд 400 метр сэлж, дугуйн замаар 22,5 км жийж, 5 км гүйсэн спринт уралдаан юм. Loughborough их сургуулийн оюутан Г.Амарсанаагийн хувьд усанд сэлэлтийн 400 метр зайг 4 минут 27 секундэд туулж, нийт 451 тамирчнаас 1-ээр гарч ирсэн нь бахархалтай. Тус тэмцээнд олон шилдэг триатлонч оюутан оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд гэхэд Токио-2020 олимпын хүрэл медальт, франц бүсгүй Кассандр Бюгран түрүүлжээ.