Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойгоо угтан Монголбанк муу зээлийн түүхтэй иргэн, ААН-ийн ангиллыг өөрчлөх шийдвэр гаргасан.
Тус шийдвэрээр 127,761 иргэн, ААН бүртгэлээ өөрчлүүлсэн байна. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "
Цар тахал, олон улсын геополитикийн хурцадмал байдал зэргээс шалтгаалж, дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа доголдсон. Энэ явцад зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байснаас зарим иргэн, ААН анхаарал хандуулах, эргэлзээтэй, хэвийн бус муу зээлийн ангилалд орсон. Зээлийн муу түүхтэй бол дараагийн банкнаас зээл авахад эрсдэлтэй байдаг тул иргэн, ААН-ээс хүсэлт их ирсэн учраас зээлээ төлсөн бол ангиллыг өөрчлөх шийдвэрийг 2024 оны дөрөвдүгээр сарын 12-нд гаргасан юм. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл зээлээ төлчихсөн хэрнээ ангилалд орсон хүмүүсийг төлөгдсөн гэдгээр бүртгэхээр өөрчилсөн. Энэ өөрчлөлтөд 127,761 иргэн, ААН хамрагдсан.
Үүнээс Улаанбаатар хотод 55,943, орон нутагт 71,711 иргэн ААН хамрагдаж, зээлийн бүртгэлд өөрчлөлт оруулсныг зарласан. Зээлээ өнөөдрийг хүртэл төлж чадаагүй, муу ангилалд орсон иргэн, ААН зургаадугаар сарын 2-ноос өмнө зээлээ төлж барагдуулбал энэ шийдвэрт хамаарч, ангиллаа өөрчлүүлэх юм" гэв.
0 сэтгэгдэлтэй