Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болж буй Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг, эрэгтэйчүүдийн 66, 73 кг жинд медальтнууд тодорлоо.
Манайхаас энэ өдөр хоёр жүдоч шигшээ барилдаанд тунаж үлдсэн. Тодруулбал эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Анхзаяа нар медалийн төлөө хүч үзэхээр болсон юм.
ДАШТ-д анх удаа зодоглосон Л.Анхзаяа Бразилын Даньел Гаргнинийг торгуулиар ялснаар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр энэ удаагийн ДАШТ-д Монголын багийн авч буй хоёр дахь, нийт 34 дэх медальтан болж байна.
Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д сүүлийн гурван жил дараалан медалийн төлөө өрсөлдсөн Л.Энхрийлэн Японы Момо Тамаокид дийлдсэнээр шагналт байрт орлоо.
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаатарын нэр тэмцээний мэдүүлэгт багтсан байсан ч гэмтлийн улмаас оролцох боломжгүй болсон. Улмаар гавьяатыг орлож ДАШТ-д оролцохоор Абу Дабиг зорьсон Л.Анхзаяа дэлхийгээс медаль зүүлээ.
0 сэтгэгдэлтэй