Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд 191 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 93, Өмчлөх эрхийн эсрэг 50, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 28, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 700 ширхэг сумыг хууль бусаар тээвэрлэж, хадгалсан иргэн Б.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ховор амьтны жагсаалтад орсон 2 ширхэг Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэсэн иргэн Ж.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Архангай аймгийн прокурорын газраас иргэн Б.Х, Б.Б нар нь хууль бусаар 58 ширхэг шинэс төрлийн гуалин босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэн ойн санд 8.6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2 /Хууль бусаар мод бэлтгэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ гэж УПЕГ-аас мэдээллээ.
Эндээс онцлоход, Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйл. Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших
1.Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
0 сэтгэгдэлтэй