Монголын Үндэсний шигшээ багийн алдарт тоглогч, өдгөө МХБХ-ны Техникийн захирлаар ажиллаж буй Баясгалангийн Гарьдмагнай нь Азийн Хөлбөмбөгийн Холбооны "Pro” зэрэглэлтэй анхны дасгалжуулагч болжээ. Катарын хөлбөмбөгийн холбоо, МХБХ-ны хамтын ажиллагааны хүрээнд АХБХ-ны Pro зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж, амжилттай төгсөж чадсан юм. Уг сургалт нь 2023 оны 2 сараас эхэлсэн бөгөөд Катар улсын Доха хотод нийт 4 үе шаттайгаар үргэлжилж, өнгөрсөн оны 11 сард өндөрлөсөн.
Pro зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт нь хөлбөмбөгийн тактик, тамирчдын хоол зүй, тест болон анализ хийх аргачлал гэсэн агуулгын хүрээнд онол-практик хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан байна. Б.Гарьдмагнай нь Pro зэрэглэлтэй дасгалжуулагч болсноор Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах эрхтэй болохоос гадна эх нутагтаа АХБХ-ны А зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг зохион явуулах зэрэг олон боломжууд үүсэх аж.