Завхан аймгийн төв Улиастай сумын Жинст, Жаргалан, Чигэстэй багт 6 дугаар сарын 17-ны өдрийн 17:30-18:30 цагийн хооронд орсон түр зуурын аадар борооны улмаас олон тооны айл өрх үерт автаад байна. Урьдчилсан байдлаар 158 өрхийн 449 иргэн үерт автаж, эд хөрөнгөөрөө хохирсон мэдээлэл байгаа бөгөөд хүнд нөхцөлтэй нүүр тулсан тэдгээр иргэдэд туслахаар Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бүрэлдэхүүн энэ цаг үед үерийн голомтод ажиллаж байна.
Тэд Завхан аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, бусад байгууллага, аж ахуй нэгж, иргэдтэй хамтран үерт автсан иргэдийг татан гаргах, нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм.