728 x 90

Чингис хааны одонт эрдэмтэн Д.Доржготов таалал төгслөө

Чингис хааны одонт эрдэмтэн Д.Доржготов таалал төгслөө
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготов таалал төгсжээ.

Д.Доржготов нь 1962 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийг хөрс судлаач-агрохимич мэргэжлээр төгссөн. ШУА-ийн Газарзүйн хүрээлэнд өнөөдрийг хүртэл эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, хөрс–геохимийн тасгийн эрхлэгч, захирал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар тасралтгүй 60 гаруй жил ажиллажээ.

Тэрээр Монгол орны хөрс, газарзүй, байгаль орчин, экологийн чиглэлээр 30 гаруй судалгааны төсөл удирдан гүйцэтгэж, манай орны ихэнх нутгийг хамарсан олон улсын 40 гаруй хээрийн экспедиц зохион байгуулсан.

300 гаруй ном монограф, газрын зураг, эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээл туурвиснаас 110 гаруй нь орос, англи, герман, хятад хэлээр нийтлэгдсэн.

Ажил, бүтээл:

  • “Монгол орны экосистемийн зураг” (1995), “Байгал нуурын сав газрын экологийн атлас” (2015), “Сэлэнгэ-Байгалийн экологи-газарзүйн атлас- ном” (2018), “Монгол орны экосистемийн атлас” (2019), “Байгал нуурын бүс нутгийн атлас” (2021), “Монгол Улсын үндэсний атлас” (1990, 2009, 2022) зэрэг монгол, орос, англи хэлээр хэвлэгдсэн томоохон хамтын бүтээлийн зохиогч, редактор, ерөнхий редактораар ажилласан.
  • “Монголын нэвтэрхий толь” (2000), “Монголын цагаан ном” (2002), “Монгол Улсын нэвтэрхий толь” (2009), “Монголын байгаль орчны нэвтэрхий толь” (2013), “Монголчуудын түүх, соёлын атлас” (2004), БНХАУ-д хэвлэгдсэн “Монгол судлалын нэвтэрхий толь. Газарзүйн боть” (2012) зэрэг олон боть, томоохон бүтээлийн редактор, хамтран зохиогчоор ажилласан.
  • Эрдэм судлалын ажлын зэрэгцээ МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багшаар 40 гаруй жил хавсран ажиллахдаа газар зүй, хөрс судлал, газрын менежмент, орчин судлалын мэргэжлээр бакалавр, магистрын түвшний олон зуун боловсон хүчин бэлтгэсэн.
  • 1975 оноос одоо хүртэл газарзүйн шинжлэх ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүнээр томилогдон 110 гаруй хүний эрдмийн зэрэг хамгаалах хуралдаанд биечлэн оролцож, 20 доктор (Ph.D), Шинжлэх ухааны дөрвөн докторын (Sc.D) эрдмийн ажлыг удирдсан.

Эрдмийн зэрэг, цол, хэргэм:

  • 1973 онд ЗХУ-ын ШУА-ийн Газар зүйн хүрээлэнд дэд эрдэмтэн (Ph.D), 1992 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуульд Биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан.
  • 1998 онд ШУА-ийн академичаар сонгогдож, 2002 онд профессор, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Академич” хэргэм, 2010 онд ХААШУА-ийн гишүүн цол хүртсэн юм.

Монгол орны газар хөрсний лавлах толь бичиг болсон буурал эрдэмтэн 86 насандаа таалал төгслөө. Гүн эмгэнэл илэрхийлье.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ