БОСШТ-ийн судлаачид, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн 10 дугаар сарын 29-ний өдөр Туул голын Сонсголонгийн гүүр, Сонгины ам, Биокомбинат орчмын дөрвөн цэгээс усны сорьц авч, зарим хувирамтгай нэгдэл болон физик үзүүлэлтүүдийг газар дээр нь хэмжиж, нарийвчилсан шинжилгээнд илгээжээ.
Усны газрын харьяа Усны төв лабораторид ерөнхий хими болон нян судлалын шинжилгээг хийлгэж, үр дүнг нь хүлээн авсныг мэдээллээ.
Усны сорьцын шинжилгээний үр дүнг Усан орчны чанарын үзүүлэлт, Ерөнхий шаардлага MNS 4586:1998 стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулахад,
- Сонгины ам орчмын хоёр цэгийн усны сорьцод аммонийн азот(NH4)-ын агууламж 20-22.6 дахин, төмөр (Fe3+)-ийн агууламж 1.6 дахин, сульфат (SO42-)-ын агууламж 1.1 дахин хэтэрсэн бол Биокомбинат орчмын усны сорьцод аммонийн азот(NH4)-ын агууламж 5.4 дахин хэтэрсэн байна.
- Сонгины ам, Биокомбинат орчмын Туул голын усны сорьцод гэдэсний савханцар, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрсэн.
Шинжилгээний үр дүнгээс харахад, Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус нийлүүлснээс доош хэсгийн Туул голын усны чанар эрс муудаж, байгалийн унаган төрх нь алдагдсан байна.
Мөн ахуйн гаралтай бохирдлыг илэрхийлэгч азотот нэгдлүүд стандартын хүлцэх дээд агууламжаас хэтэрч, нянгийн бохирдолтой гарчээ.
0 сэтгэгдэлтэй