БНСУ-ын Пёнчан хотод тус улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо. Уг тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Б.Ачбадрах, О.Золбаяр, Т.Ариунболд, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ, А.Энхтуул, Э.Ариунтунгалаг нар өрсөлдөж, Б.Ачбадрах хоёр зайд алтан медаль хүртлээ. Тухайлбал, Б.Ачбадрах тэмцээний эрэгтэйчүүдийн сонгомол 15 км-ын зайг 46:07.9 минутад туулж, тэшилтийн 30 км-ын зайг 1:19.05 цагт туулснаар алтан медаль хүртжээ. Тэрээр өнгөрсөн жил тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил амжилтаа ахиулан хошой алтан медальтан боллоо.
Б.Ачбадрах БНХАУ-ын Харбин хотод ирэх сарын 7-нд эхлэх Азийн өвлийн спортын наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бөгөөд түүний хувьд гүйлтийн цанын “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин юм хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.
0 сэтгэгдэлтэй